“Чингис Хаан: Домгийг амилуулах нь” үзэсгэлэнг Канзас хотод нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-02-10 17:16:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Миссури мужийн Канзас хотод байрладаг "Union Station"  музейд  “Чингис Хаан: Домгийг амилуулах нь” нэртэй үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнг хоёрдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 26 хүртэл гаргах юм байна. 

Үзэсгэлэнд XIII зууны үед монголчуудын хэрэглэж байсан зэр зэвсэг, хөгжмийн зэмсэг, үнэт эдлэл, шавар эдлэл, Хубилай хааны үед ашиглаж байсан металл пайз зэрэг нийт 200 гаруй нэн ховор эд зүйлс дэлгэсэн байна.  Үзэсгэлэнгийн үеэр Монголын үндэснийхээ хөгжим, урлагийн тоглолтыг ч зохион байгуулах аж. Тус үзэсгэлэнг Монголынхоо түүх, соёлыг  10 жилийн турш гадаадад сурталчилж яваа түүхч, соёл судлаач Н.Ганхуяг санаачлан гаргасан байна.



Н.Ганхуягаас үзэсгэлэнгээ яаж бүрдүүлж гаргадаг талаар тодрууллаа. Тэрбээр "Техас мужийн Хьюстон хотод 2009 онд энэ үзэсгэлэнгээ анхлан нээсэн. Тэр үед Монголын зургаан музейгээс 200 гаруй үзмэр, ОХУ-ын Эрмитажаас, АНУ-ын Сан Францискогийн музейгээс гээд олон сайхан үзмэр нийлүүлж гаргасан. Монголын зургаан музейгээс үзмэр авахад тухайн үеийн БСШУСЯ-тай гэрээ байгуулж, тус яамаар дамжуулан хил гаргаж байсан. Үзмэр дүрмийн дагуу гурван жилийн дотор буцах ёстой. Ингээд эхний гурван жил Монголын үзмэрээр гарч байгаад буцсан. 2012 оноос хойш нэг хэсэг завсарласан. АНУ-ын болон Дундад Азийн хувийн цуглуулагчдаас үзмэрээ дахин бүрдүүлээд 2013 оноос үзэсгэлэнгээ ахиад тавьж эхэлсэн. Мэдээж эзэн Чингис хааны эзэмшиж байсан нутаг орон том байсан тул Монголоос гадна ч сонирхолтой олдворууд байсан. Үүнд голцуу тухайн үеийн сэлэм, жад зэвсгийн зүйлс гадаадынхнаас цуглуулан гаргасан. Мөн Торгоны замаар дамжиж орж ирсэн Монголтой холбоотой шаазан ваар, гоёл чимэглэл хаш чулуун чимэг гэх мэт сонирхолтой үзмэрүүд бий. Хубилай хааны Япон дахь флоттой холбоотой дайралтын үед үлдэж хоцорсон, далайн ёроолоос олдсон ваар саван эдлэл бас нэлээд цуглуулсан. АНУ-ын гурван музей ч тухайн зуунтай холбоотой үзмэрүүдээ нэмэрлэсэн. Одоо нийт 300 гаруй үзмэртэй болж, сүүлийн долоон жил орон орны музейтэй хамтран үзэсгэлэнгээ  гаргаж байна" гэлээ.


Холбоотой мэдээ