Ховд аймаг MNS ISO 9001–2016 стандарт нэвтрүүлсэн 3 дахь аймаг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-11 17:28:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ үйл ажиллагаандаа MNS ISO 9001–2016 стандартыг нэвтрүүлж, "Батламжийн гэрчилгээ" гардан авав. 

Тус байгууллага 2018 оны 09 дүгээр сараас эхлэн төрийн үйлчилгээндээ олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001-2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажилласан.

Уг зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-аас зөвлөх үйлчилгээ авч, төрийн үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.  

Эдгээр үйл ажиллагаанд “Монсертф” ХХК-аас хянан баталгаажуулалт хийж, олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001–2016 стандартыг нэвтрүүлсэн болохыг албан ёсоор баталгаажуулж, 02 дугаар сарын 11-ний өдөр  “Батламжийн гэрчилгээ”-г Төрийн ордонд гардуулан өгчээ. Уг гэрчилгээг 2024 он хүртэл хугацаанд эзэмших аж.

Монгол Улсын 21 аймгаас хамгийн анх Хөвсгөл, дараа нь Хэнтий аймгийн ЗДТГ үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 буюу MNS ISO 9001–2016 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээ авсан. Тэгвэл Ховд аймаг тус стандартыг нэвтрүүлсэн 3 дахь аймаг болж байгаагаараа онцлогтой. 

Чанарын менежментийн тогтолцооны уг стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, албан хаагчдын сахилга бат, иргэд олон нийтийн сэтгэл ханамж дээшлэх боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ