Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-12 14:33:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, шинэ коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг маргаашнаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх /хэсэгчлэн/ тухай тогтоол гаргасан хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв. 


Ерөнхийлөгчийн өнөөдрийн 10 тоот зарлигт цагаан сарын баярыг нэг удаа тэмдэглэхгүй өнжиж, таван заалт бүхий арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл болгожээ. Энэ дагуу Засгийн газраас дээрх тогтоолыг гаргасан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллийнхээ эхэнд онцлов. Тэрбээр, “Шинэ коронавируст халдварын оргил үе цагаан сарын орчим таарч болзошгүй гэж дэлхийн эрдэмтэд тандаж байна. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуурын Халиут хот буюу Монгол Улсын хилээс 120 км-ийн цаана шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн. Мөн Шинжааны Бархөл хотод буюу хилээс 190 км-ийн цаана халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэнийг зарлаж байна” хэмээв.

Цагаан сарын баярыг иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй.  Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалав.

Засгийн газар өмнө нь Цагаан сарын баяраар бөхийн барилдаан зохиох, төрийн, нутгийн зөвлөл, байгууллагуудын золголт зэргийг хориглосон шийдвэр гаргаад байсан юм.


Нөхцөл байдалтай холбогдуулан гуравдугаар сарын 2-ныг хүртэл тогтоосон сургууль, цэцэрлэгийн сургалт зэрэг хорио цээрийн дэглэмийг цаашид сунгаж болзошгүй гэдгийг тэмдэглэлээ. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуулийн дагуу сар шинийн баярын өдрүүдэд нийтээр амрах зохицуулалттай. Тиймээс сар шинийн баярын үеэр нийтээр амраахгүй байх эсэх асуудлыг хуралдааны үеэр хөндөж ярилцаагүй гэдгийг Шадар сайд мэдээллийнхээ үеэр дурдлаа. Гэхдээ цаашид нөхцөл байдлыг ажиглаж энэ талаар дахин хэлэлцэж шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй хэмээн тодотгов. Төрийн болон төрийн захиргааны байгууллагын ажилчдыг хэсэгчилсэн байдлаар гамшгаас хамгаалах тусгай горимд шилжүүлснээр, цагаан сарын баярын үеэр шаардлагатай үед төрийн байгууллагын албан хаагчид ажиллах нөхцөл бүрджээ. 


Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна.

Холбоотой мэдээ