"Алсын хараа-2050" баримт бичгийг улс төрийн есөн намд хүлээлгэн өгөв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-13 13:48:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг ШИНЭН болон тус намтай эвсэл байгуулж буй найман намд өнөөдөр хүлээлгэн өгөв. 


Баримт бичгийг боловсруулахад төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын шинжээч, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид гээд  нийт 1500 гаруй хүнийг 8 чиглэлээр хамруулж, 8 сарын турш хамтарч ажилласныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлов.



Тэрбээр, "Бид өнгөрсөн 30 жилийн хугацааны алдаа оноогоо дэнсэлж, хэн нэгэнд буруу зөвийг өгч дүгнэхийн оронд тогтолцоо, бодлогоо тодорхойлох нь зүйтэй. Манай хоёр хөрш улсаас гадна дэлхийн 11 орон 2050 он хүртэлх зорилтоо тодорхойлжээ. Бид ч үүнийг хийх ёстой. Засгийн газраас боловсруулсан уг баримт бичгийг УИХ-д албан ёсоор хүргүүлсэн. УИХ-д суудалтай намуудад хүлээлгэн өгөх хуваарь гарсан. Энэ хуваарьтай давхцан ШИНЭН-тай эвсэл байгуулж хамтран ажиллахаар болж буй улс төрийн найман намд ч гардуулахаар боллоо" хэмээв. 


Бодлогын баримт бичгийн хүрээнд улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байгаа аж. 



“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь 9 зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2050 он хүртэл 3 үе шаттайгаар зорилт тус бүрийн чиглэлийг төлөвлөсөн байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр “Монгол улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” алсын харааг дэвшүүлжээ. “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн зөвхөн “Бүсчилсэн хөгжил” гэсэн 8 дахь зорилтыг боловсруулахын тулд аймаг, орон нутгийн санал болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ талаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүд зэрэгт үндэслэн Үндэсний хөгжлийн газар, бүс нутгийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаач зэрэг 500 орчим хүнийг хамруулсан байна. Үүний үр дүнд Монгол Улс цаашид 6 макро бүстэй байхаар төлөвлөж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийг Зүүн, Говийн, Алтайн, Баруун, Хангайн, Улаанбаатарын гэсэн 6 бүсэд хуваан тусгасан байна.



Баримт бичгийг ШИНЭН-ын дарга Ж.Батзандан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг, Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл нарт хүлээн авлаа. Мөн Хөгжлийн хөтөлбөрийн намын дарга О.Заяа, Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Б.Одсүрэн, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, Ард түмний олонхын засаглал намын дарга Ц.Нарангэрэл, Капиталист намын ерөнхий нарийн бичгийн дарга Р.Ууганбаатарт хүлээлгэн өгөв.

Холбоотой мэдээ