Нийслэлд автомат зогсоол байгуулах 84 байршил байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-14 12:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлд автомат автозогсоол байгуулах тухай болон Хотын засаглалыг сайжруулах сургалтын хөтөлбөр гэсэн 2 төслийн талаар хэлэлцэв. 

Эхний төсөл болох автоматчилагдсан технологи бүхий авто зогсоол байгуулах талаар нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцууллаа. Төхөөрөмж бүхий автоматчилагдсан авто зогсоолын давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи бүхий хотын өнгө үзэмж, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй, ногоон орчин хосолсон шийдэл байх аж. Өнөөдрийн байдлаар нийслэлд автоматчилагдсан давхар авто зогсоол байгуулах шаардлагатай 84 байршил байгаа аж.

Зөвлөлийн гишүүд авто зогсоол байгуулах төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж тооцоо, судалгааг илүү нягтлан дахин хэлэлцэхээр болов.


С.Амарсайхан: Төр, захиргааны албан хаагчдын сургалтад ёс зүй, хандлага, төлөвшлийг тусгах нь зүйтэй


Дараа нь хуралдаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг үе шаттай, системтэй сургах "Хотын засаглалыг сайжруулах" төслийн талаар Сургалт, судалгааны төвийн захирал М.Одмаа танилцууллаа. Дээрх сургалтын хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Азийн сан, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. 


Сургалтад одоогийн байдлаар давхардсан тоогоор 5900 албан хаагч хамрагдаад байна. Сургалт нь албан хаагчид тодорхойлолтод заасан ажил үүргээ амжилттай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм. Сургалтын агуулга, гарын авлагыг Удирдлагын академи, МУБИС болон бусад сургалт, судалгааны байгууллага, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран боловсруулжээ. Сургалт нь нийслэлийн Сургалт судалгааны төвөөр дамжин явагдаж байна. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Энэ  төв нь нийслэлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд гол амин судас нь болсон газар байх ёстой. Сургалтад бүтээлч, санаачлагатай мэргэжилтнийг бий болгохын тулд юуг анхаарах шаардлагатайг тусгах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, төлөвшлийг тусгасан сургалтууд орох нь зүйтэй” гэдгийг онцлов. 


Холбоотой мэдээ