Дотоодын үйлдвэрлэлийн даавуун амны хаалтыг эмийн сангаар борлуулж эхэлжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-02-17 16:55:23

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон даавуун амны хаалт оёж байна. Томуу, томуу төст өвчин, коронавируснээс урьдчилан сэргийлэхэд театрын уран бүтээлчид нийгмийн хариуцлагыг ухамсарлаж амны хаалт хийж байгаа аж.

Урлагийнхны санаачилгыг аймгийн Онцгой комиссоос дэмжин амны хаалт хийх материал авах мөнгийг шийдвэрлэсэн байна. Тэдний хийсэн амны хаалтыг эмийн сангуудаар дамжуулан 600 төгрөгөөр борлуулж эхэлжээ. Мөн Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг оёдлын үйлдвэрүүдтэй уулзаж амны хаалт үйлдвэрлэхээр болсон юм.

Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд тусалж ажлын тодорхой цагийг амны хаалт үйлдвэрлэхэд зарцуулж өдѳрт 1000 амны хаалт оёх боломжтой гэдгийг илэрхийлсэн юм.

Ийн Даланзадгад сумын эмийн сангуудаар дамжин дотоодын үйлдвэрлэлийн даавуун амны хаалтууд иргэдэд хүрч эхлээд байна. 


Холбоотой мэдээ