Караоке, баарны үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ныг хүртэл түр хаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-17 11:03:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/79 дугаар захирамжаар дараах шийдвэрүүдийг гаргасан юм.

Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй караоке, баарыг хоёрдугаар сарын 14-өөс гуравдугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд түр хааж  ресторан, нийтийн хоолны газрын ажлын цагийн хуваарийг 10:00-18:00 цагаар тогтоох,

Сумдын ЗДТГ, зарим алба, мэргэжлийн ангиудын үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлэх, аймгийн төв, сумдад цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхгүй.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, заал, худалдааны төвүүдээр хүнс, бараа бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргахыг хориглох, аж ахуйн нэгж, байгууллагууд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх журмыг мөрдөх, нийт аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэхийг үүрэг болголоо.

Мөн шинэ коронавирусний халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд амны хаалт тогтмол зүүх, гудамж, зам талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх иргэний үүргээ биелүүлэхийг уриалав.


Холбоотой мэдээ