Борис Жонсон ВВС-д дайн зарласан нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-02-20 18:51:19

Ажилтнуудаа цомхотгож, бүтцийн өөрчлөлт хийснээс гадна ерөнхий захирал нь огцрох гэж байгаа, гол хөтөлбөрүүдийнх нэг нь хаагдсан зэрэг бол сүүлийн саруудад ВВС корпорацид тулгарч буй олон бэрхшээлтэй асуудлуудын зөвхөн нэг хэсэг нь юм. Британийн улс төрийн орчин өөрчлөгдсөнөөр тус улсын хамгийн том мэдээллийн корпорацид бусад олон бэрхшээл тулгарах болов.  


Өнгөрсөн оны 12 дугаар сард хугацаанаасаа өмнө болсон парламентын сонгуульд Борис Жонсоны удирдсан Консерватив нам ялалт байгуулснаар Нийтийн танхимд олонхийн суудал эзэллээ. Өөрөөр хэлбэл, Брекситийн талыг баримтлагчид засгийн эрхийг барихаар болсон ба сүүлийн үед тэд Европын Холбоонд /ЕХ/ үлдэх байр суурьтай хүмүүсийг /римейнерүүд/ дэмждэг хэмээн Би-Би-Си корпорацийг буруутгаж байна.


ВВС ба засгийн газрын хоорондын харилцаа байнга л шахуу зөрчилтэй байсаар ирсэн, гэхдээ Британийн нийтлэлчдийн ажиглан дүгнэснээр, тус корпораци өнөөгийн хэлбэрээрээ оршин тогтнох эсэх тухай асуудал өнөөдрийнх шиг ингэтлээ хурцдаж байгаагүй ажээ. Эрх баригчид өөрсдийн зохиосон тоглоомын дүрмийг тулган хүлээлгэхээр оролдож байгаагийн зэрэгцээ сэтгүүлчдээс өөрсдийгөө зориуд тусгаарлаж, санхүүжилтийн хэлбэрийг дахин харж үзэх тухай асуудлыг босгож ирж байна. Үүнтэй зэрэгцээд үзэгчид телевизээс улам бүр холдсоор. 


Төрийн түшмэд ба бизнес эрхлэгчдээс үл хамаарах нь  


Их Британийн нэг гэр бүл долоо хоногт дунджаар 80 фунт стерлингийг тээврээр зорчиход зарцуулдаг ба энэ нь сард 320 фунт, жилдээ 4 мянган фунт болж байна. Харин Би-Би-Си-гийн сувгийг үзсэний хураамж нь жилдээ ердөө 154,5 фунт стерлинг. Энэ мөнгө бол хувь хүмүүс, төр хоёрын алинаас нь ч хамаарахгүй байх боломжийг тус сувагт олгож буй орлогынх нь гол эх үүсвэр юм.


“Би сувгийн хураамжийг заавал төлөх ёстой юү?” гэсэн асуултыг Гүүглээр хайгаад үзэхэд 1,5 тэрбум гаруй үр дүн гарч ирж байна. “Таны гэрт телевизор байгаа нь та автоматаар мөнгө төлөх ёстой гэсэн үг мөн үү?” гэдэг асуудлыг хүмүүс янз бүрийн платформ ашиглан хоорондоо хэлэлцэж байх үед төлөх ёсгүй гэсэн ганцхан хариулт давамгайлдаг. 


Загвар нь тун энгийн: Хэрвээ та шууд эфирээр телевизийн нэвтрүүлэг үзэж байгаа бол мөнгө төлөх ёстой. Үүний сацуу ВВС корпораци хөтөлбөрүүдийнхээ бичлэгийг BBC iPlayer платформд байршуулдаг.


Би-Би-Си корпораци үндэсний хэмжээний 10 телевизийн сувагтайгийн зэрэгцээ бүс нутгийн хөтөлбөрүүд, интернэт телевиз, хэдэн арван радиостанц ба мэдээний цахим хуудастай. Түүнчлэн 40 гаруй хэлээр нэвтрүүлгээ цацдаг олон улсын мэдээний алба бий.


Хураамжаар санхүүждэг механизм олон арван жилийн турш үйлчилсээр ирсэн.  Гол утга учир нь нийгмийн хэлцэлд оршино. Британичууд бие даасан хараат бус телевизийн сувагтай болохыг хүсдэг бөгөөд телевизийн дэлгэцээр гарч буй сэтгүүлчид бол төрийн түшмэд ба бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг бус харин британичуудын төлөө ажиллах ёстой хүмүүс гэж үздэг. Ийм байлгахын тулд иргэд өөрсдөө телевизийг санхүүжүүлэх нь зүйтэй гэсэн шийдэл юм.

Телевизийн хураамжийн хуудас 


Өнөөдрийг хүртэлх хугацаанд ВВС-гийн орлогын 75 орчим хувийг хураамжаар бүрдүүлсээр иржээ. Гэтэл жил бүр 100 мянга гаруй үзэгчид хураамж төлөхөөс зайлсхийх болсны улмаас асуудлыг шүүхэд хандахаас аргагүйд хүрч байна.


“ВВС бол төгс төгөлдөр бишээ. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр хэд хэдэн алдаа гаргасан. Гэхдээ ВВС бол Үндэсний эрүүл мэндийн албатай /NHS/ нэгэн адил бидний үндэсний өмч баялаг, манай соёлын үнэт зүйлсийн нэг нь мөн” гэж нэгэн сонины өгүүлэлд бичсэн бол Financial Times сонин “хэдийгээр олон алдаа дутагдалтай байсан ч гэсэн ВВС бол Британийн шилдэг брэндүүдийн нэг” гэж дүгнэжээ.  Харин өнөөгийн засгийн газар өөр байр суурьтай байна.


“Биднийг хууран мэхэлсэн гэж үү?”


ВВС-гийн хувьд түгшүүртэй гэж болохоор мэдээ мэдээлэл сонгуулийн кампанит ажлын үеэр цацагдаж эхэлсэн юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд санхүүжилтийн бусад эх үүсвэрийг олж буй энэ цаг үед хураамж төлсөөр байгаа нь ер нь зөв үү гэсэн байр сууриа Б.Жонсон илэрхийлснээр үзэгчдийг эргэлзэхэд хүргэлээ.

 

ВВС корпорацийн санхүүжилт ба үйл ажиллагаагаа явуулах зарчмыг Хатан хааны харти буюу “ВВС-гийн Үндсэн хуульд” тусгасан билээ. Уг хартийг 10 жил тутамд нэг удаа хэлэлцдэг бөгөөд одоогоор мөрдөж буй хугацаа 2027 оны сүүлээр дуусах ёстой. Харин энэ хүртэлх хугацаанд засгийн газар янз бүрийн арга хэрэглэж магадгүй байна.


Жонсон 12 дугаар сарын сонгуульд ялалт байгуулсны дөнгөж дараахан Сангийн дэд сайд байсан Риши Сунак-ийн /одоо Сангийн сайд/ ярьж байснаар, хураамжаа төлөөгүй иргэдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой эсэхийг шинжээчид судалж байгаа ажээ. 

"Хураамж төлөхгүй байх нь захиргааны зөрчил мөн". Б.Жонсон


Хураамж төлөхгүй байх нь эрүүгийн гэмт хэрэг бөгөөд 1000 фунтаар торгохын зэрэгцээ шоронд хорих ял хүртэл бий. Харин Б.Жонсоны засгийн газар үүнийг захиргааны зөрчил хэмээн тооцох байгаа бололтой. Энэ тохиолдолд корпорацид жилд 200 сая фунтын хохирол учирна гэсэн тооцоог ВВС-гийнхэн хийжээ.


Зардлаа танах стратегийн бодлогын хүрээнд тус корпораци 2022 онд 80 сая фунт хэмнэх ёстой болоод байгаа үед энэ бол огт цагаа олоогүй шийдвэр юм. Зардлаа хэмнэхийн тус корпораци мэдээний албан дахь 6 мянган ажилтныхаа 450-ыг нь ажлаас нь халсны зэрэгцээ Виктория Дарбишир-ийн хөтлөн явуулдаг өдрийн шоу хөтөлбөрөө хаахад хүрчээ.

Цомхотголыг дагаад сэтгүүлчдийн ажил үүрэгт бүтцийн өөрчлөлтүүд гарна гэдгийг ВВС-гийн удирдлага анхааруулж байна. Янз бүрийн албад бие биенийхээ ажлыг орлох нь багасч, корпорацийн зүгээс теле-радиогийн нэвтрүүлгүүдэд бус харин тоон контентод илүү анхаарлаа хандуулах болно.


“ВВС-гийн хувьд британичуудыг ялангуяа залуучуудыг өөртөө татахад улам хүндрэлтэй болж байна. Дээр нь, корпорацийн нийт орлогын бараг 75 хувийг бүрдүүлдэг хураамжийн асуудал өмнө нь хэзээ ч байгаагүй улс төрийн дарамт шахалтын нөлөөнд орсон” гэж агентлагийн зах зээл хариуцсан редактор Амол Ражан ярьж байна.


Залуучууд ба ахимаг насны үзэгчдийг татах нь


Мэдээллийн технологийн шинжээч Бенедикт Эванс Давосын чуулга уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавьжээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн харилцааг зохицуулагч Ofcom байгууллагын мэдээлэлд үндэслэн Эванс дараах баримтуудыг дурдсан байна: 18-34 насны хүмүүсийн үздэг Британийн телевизийн гол суваг нь Netflix бол ВВС суваг ITV-ийн дараа 3 дугаарт бичигджээ. Залуучуудын YouTube-ийг хамгийн ихээр буюу өдөрт дунджаар 1 цагаас дээш хугацаагаар үздэг бол Netflix-ийг 40 минут, ВВС-г 20-иос цөөн минут үздэг байна.


Сүүлийн үед телевизор үзэх дургүй болж буй залуучуудыг татахын тулд корпорацийн зүгээс хөтөлбөрүүдээ шинэчлэх ажлыг байнга хийж байна. Үүний сацуу ахимаг насны үзэгчдийг ч мөн дэлгэцийн өмнө эргүүлэн авчрах хэрэгтэй болжээ. Учир нь, засгийн газрын шийдвэрээр 75-аас дээш насны үзэгчдийн хураамжийг төрөөс төлөхөд зарцуулж буй татаасыг цуцлах гэж байна. 


Нийгмийн халамжийн тэтгэлэг авдаг ахимаг насны төлбөрийн чадвар муутай үзэгчдийг хураамжаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг корпораци гаргасан. Ингэснээр жилдээ 250 сая фунтын төлбөр чөлөөлөгдөж байгаа юм. Харин 75-аас дээш насны бусад үзэгчид 2020 оны 6 дугаар сараас хураамж төлж эхлэх нь. 

75-аас дээш насныхны хураамжийг засгийн газар төлөх нь зүйтэй гэж шаардаж байгаа нь


Хатан хааны хартийг дахин хэлэлцэх хүртэл үлдэж буй хэдэн жил тун амаргүй он жилүүд байх болно. Нэг талаас, хөрөнгө мөнгө хэмнэх, шинэчлэл хийх зэрэг дотоодын асуудлууд, нөгөө талаас, Жонсоны засгийн газартай холбоотой гадаад асуудлууд үүслээ. 


Дуулиан шуугиан ид өрнөж байх үед ВВС-гийн Ерөнхий захирлаар 7 жил ажилласан Тони Холл огцорно гэдгээ мэдэгдлээ. Огцрох болсон албан ёсны шалтгаан нь гэвэл, Хатан хааны хартийг завсар дунд нь буюу 2022 онд хэлэлцэх гэж буй явдал. Ноён Холл-ын үзэж байгаагаар бол, 2027 онд корпорацийг удирдах ёстой хүн одооноос түүнийг удирдах нь зүйтэй ажээ.


Тони Холл-ыг орлох хүнийг одоо хэр нь томилоогүй байна. Шинээр томилогдох захирлын тухайд, тэрбээр өөрчлөгдөн буй корпорацийг удирдахдаа эрх баригчдын дарамтан дор ажиллахаас аргагүйд хүрнэ гэдгийг сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд харуулж байна. 

 

Ороо бусгаа цаг үе


ЕХ-ноос гарах эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга ба түүний дараа үүссэн тодорхойгүй байдал хэдэн жилийн турш үргэлжилсэн нь Британийн нийгмийг хуваан талцууллаа.  Энэ үед аль ч талд оролгүйгээр дундыг барих үүрэгтэй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Би-Би-Си корпораци сөргөлдөгч талуудын шүүмжлэлийн галд өртөх болов.


“Брекситчүүд” тус корпорацийг “Европын талыг баримтлагч” гэж шүүмжилдэг бол римейнерүүд буюу ЕХ-д үлдэхийг дэмжигчид “Брексит болсонд ВВС буруутай” гэж үздэг. Гэтэл тус корпораци талуудын мэтгэлцээнд дунджийг нь барьж байсан билээ.


2027 онд Хартийг шинэчлэх хүртэл ВВС-д олон талын бэрхшээл нь. Тус корпорацийг ЕХ-нд үлдэх байр суурьтай байдаг хэмээн буруутгаж буй “брекситийнхэн” корпорацид шинэчлэл хийнэ гэсэн бодолтой байна. Лейбористууд ч мөн адил ВВС-д таатай ханддаггүй бөгөөд “бодит бус мэдээлэл цацдаг, Б.Жонсонд тал засдаг” гэж шүүмжилдэг.


ВВС-ийг ингэж буруутгасан тохиолдол сонгуулийн кампанит ажлын үеэр гарсан нь үнэн. Тодруулбал, 11 дүгээр сарын сүүлчээр сонгуульд зориулсан тусгай нэвтрүүлгийн үеэр нэгэн үзэгч эмэгтэй Ерөнхий сайдад хандан асуулт тавихдаа “ийм их эрх мэдэлтэй хүний хувьд байнга үнэнийг ярьж байх нь тийм их чухал уу?” гэж хэлжээ. Эл асуултыг сонссон үзэгчид инээлдэж, алга ташсан бол Жонсон эхэндээ юу гэж хариулахаа мэдэхгүй сандарчээ. Харин ВВС агентлаг энэхүү фрагментийг мэдээндээ ашиглахдаа хүмүүс Ерөнхий сайд руу хараад инээлдэж буй хэсгийг нь хассан аж. Хожим нь ВВС үүнийхээ төлөө уучлал гуйн тайлбар хийхдээ “мэдээндээ багтаахын тулд уг хэсгийг аль болохоор хасч монтажлах шаардлагатай байсан” гэжээ. Гэвч үзэгчид уг явдлыг “нэг талыг барьсан өрөөсгөл хандлага” гэж хардсан хэвээр.   


Бойкот


Сэтгүүлчдийн зүгээс таагүй асуултууд тавих нь улстөрчдөд мэдээж таалагдахгүй. Ийм учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бол огт хэрэггүй зүйл гэж харагдуулахыг эрх баригчид хичээдэг. Ийм хандлага Британийг ч  тойроогүй гэдгийг улс төрийн харилцааны шинжээч Даррен Лилекер онцлон хэллээ.  


Жишээ дурдахад, 2 дугаар сарын 3-ны өдөр Даунинг-стрит дэх Борис Жонсоны өргөөнд болсон хаалттай хэвлэлийн хуралд Британийн сэтгүүлчдийг урьжээ. Энэ үеэр засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч сэтгүүлчдийг хоёр хэсэгт хуваасныхаа дараа “хоёрдугаар бүлгийнхэн” хэвлэлийн хуралд оролцох боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна. Харин 1 дүгээр хэсэгт багтсан ВВС-гийн сурвалжлагч болон бусад сэтгүүлчид 2 дугаар хэсгийн сэтгүүлчидтэй эв санааны нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлэн хэвлэлийн хурлын үйл ажиллагаанд оролцолгүй бойкотолжээ. 


Хэдийгээр ямар ч хориг саад тавиагүй, ялгаварлаагүй, 1 дүгээр бүлгийнхнийг зүгээр л нэмэлт хэвлэлийн хуралд урьсан гэж засгийн газар тайлбарласан боловч сэтгүүлчидтэй үргэлж сөргөлддөг гэдгээрээ алдаршсан Дональд Трамптай Борис Жонсоныг адилтгаж байв.


Британи улс ЕХ-ноос гарсан тэр өдөр Б.Жонсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хэрхэн ханддаг вэ гэдгээ дахиад л харууллаа. Тэрбээр ард түмэнд хандсан илгээлтээ өөрийн хэвлэлийн албаар бэлтгүүлсэн нь олон жилийн уламжлалыг эвдсэн хэрэг байв. Өмнө нь, телевизийн сувгуудын аль нэг нь бичлэг хийгээд түүнийгээ бусад сувагтай хуваалцдаг байжээ.


Харин ВВС корпораци засгийн газрын хэвлэлийн албаны бэлтгэсэн илгээлтийг дамжуулан нэвтрүүлсэнгүй. Энэ нь Консерватив намынхны дургүйцлийг төрүүлсэн нь мэдээж бөгөөд үүний хариуд телекомпанийн зүгээс мэдэгдэхдээ “хөтлөгчид Б.Жонсоны хэлсэн үгийг байнга иш татаж байсан бөгөөд дүрс бичлэгийг цацах уу, үгүй юү гэдэг шийдвэрийг тухайн бичлэгийн үнэ цэнээс хамаарч корпораци өөрөө гаргадаг” гэж тайлбарласан аж.  


Эцэст нь өгүүлэхэд, засгийн газар сувгийн хураамжийг цуцалж, түүнийг Netflix-ийн ажилладаг захиалгын системээр орлуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээллүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэлүүдэд гарлаа. Консерватив намын нэгэн депутатын ярьснаар бол, иймэрхүү мэдээлэл нь уг төлөвлөгөөнд олон нийтийн зүгээс хэрхэн хандахыг тандаж буй хэрэг гэнэ.  Харин Тээврийн сайд Грант Шэппс энэ талаар хэлэхдээ “ямар ч шийдвэр гараагүй байгаа” гэлээ.


“ВВС бол олон түмний хайрладаг үндэсний өмч баялаг. Тус корпораци амжилттай ажиллаасай гэж бид хүсдэг. Дэлхий ертөнц өөрчлөгдсөөр байгаа гэдгийг ВВС болон бусад нь бүгдээрээ ойлгож байгаа, тэгэхээр ВВС ч мөн адил өөрчлөгдөх хэрэгтэй болно” гэж сайд хэллээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-51478677

Холбоотой мэдээ