Халдварын сэжигтэй БНХАУ, ОХУ-ын иргэн 15 зорчигчийг буцаажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-19 19:38:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өндөржүүлсэн байдалд мэргэжлийн хяналтын төв, аймаг, орон нутаг, хилийн байгууллагын нийт 2200 албан хаагч тусгай горимоор, уртгасан цагаар ажиллаж байгаа талаар МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Баярболд өнөөдөр мэдээллээ. Тэрээр болзошгүй ноцтой байдал үүсэх нөхцөлд улсын 1500 шахам байцаагчийг дайчлан ажлуулахад бэлэн гэв.

Өнөөдрийг хүртэл Буянт-Ухаа боомтоор орох чиглэлд 187 агаарын хөлөг, 26.246 зорчигч, авто болон төмөр замын боомтуудаар орох чиглэлд 28.118 тээврийн хэрэгсэл, 96.402 зорчигч хил нэвтэрчээ. Дээрх байдалд хяналт тандалт хийж, шинэ коронавирусний сэжигтэй 138 тохиолдлыг илрүүлэн, ХӨСҮТ болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлж, халдварын сэжигтэй БНХАУ болон ОХУ-ын иргэн 15 зорчигчийг буцаасан байна. 

Хил хорио цээрийн хяналтын албаны эрүүл ахуйн хамгааллын улсын байцаагч Т. Төмөрбаатар, “Хилийн хяналт шалгалтаар илрүүлсэн 138 тохиолдлын 73 нь Буянт-Ухаа боомт, 5 нь Дорнод аймгийн Баянхошуу боомт,  3 нь Хавиргын боомт, 12 нь Гашуун сухайт боомт,  7-г нь Замын-Үүд боомт дээр илрүүлсэн. БНХАУ-аас орж ирж  байгаа 1475 чингэлэгт, 61 вагонд ариутгал халдваргүйжүүлэлтыг мэргэжлийн  байгууллагуудтай хамтран хийгээд байна” гэв. 


Шашны 229 байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй байхыг мэдэгдээд байна.


МХЕГ-ын Хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, “Улсын  хэмжээнд 3200 газарт хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтын үеэр нийт 3700 зөрчил илрүүлсэн. Чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй, гарал үүсэл тодорхойгүй нийт 80 сая төгрөгийн бүтээгдэхүүн хураан авсан"-ыг мэдээллээ.  

Мэдээллийн үеэр МХЕГ өндөржүүлсэн бэлэн байдлын үед цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын системийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудад анхааруулав. 


Цагаан сарын баярт зориулсан реклам, зар сурталчилгааг даруй зогсоох мэдэгдлийг хэвлэл, мэдээллийн байгуулагад хүргүүлж, хэрэгжилтийг хянан ажиллаж байна.


Мөн шашны 229 байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй байх мэдэгдэл, Цагаан сарын баярт зориулсан реклам, зар сурталчилгааг даруй зогсоох тухай мэдэгдлийг хэвлэл, мэдээллийн байгуулагад хүргүүлж, хэрэгжилтийг хянан ажиллаж байна гэв.


Б.Болд, Б.Содгэрэл


Холбоотой мэдээ