Дөрөв хоногт 99 мянган иргэн хувьцаагаа шалгаж 59 мянган иргэн данс нээлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-21 13:51:46
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Таван Толгой" ХК хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хуваарилах болсон талаар өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Түүнээс хойш дөрөв хоногийн хугацаанд 99 мянган иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэжээ. Түүнчлэн “ETT” аппликейшнийг 84 мянган хэрэглэгч гар утсандаа шинээр татаж, үнэт цаасны компаниар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээллээ.


Компани 2019 оны цэвэр ашгаас 1 их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүний 84.5 хувийг буюу 800 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар, 14.75 хувь буюу 200 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг ААН-үүд хүртэнэ. Ногдол ашиг тараах хугацааг ирэх 5 дугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх юм.



Ногдол ашиг нь бэлэн мөнгө тарааж буй хэрэг бус харин хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг гэдгийг "Эрдэнэс Таван Tолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. 


Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газарт 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг үнэт цаас хэлбэрээр хуваарилж төмөр зам, Тавантолгой түлш компани зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Иргэдээс бэлэн мөнгө тараахгүй сургууль цэцэрлэг барих нь зөв гэдэг санаачилга гарч байна. Бид үүнийг зөв эсвэл буруу гэж дүгнэхгүй. Компани ашигтай ажилласан учир иргэддээ болон төрдөө ногдол ашиг өгч байна. Ногдол ашгийг бэлэн мөнгөөр болон үнэт цаасаар олгох боломжтой. Түүнээс өөрөөр буюу өмч хөрөнгөөр олгож болдоггүй. Ногдол ашгийн хэмжээ хэд байх нь сонин биш. Эрдэнэс Таван Tолгой компанийн хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж эхэлсэн нь чухал. Одоо бид олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргана. Ингэснээр хувьцаагаа өвлүүлэх, шилжүүлэх, борлуулах, худалдаж авах эрх нээгдэнэ” гэлээ.


"Эрдэнэс Таван Толгой" ХК 2 сая 511 мянган иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байршуулна. Иргэд данс нээлгэсэн үнэт цаасны компаниудтайгаа холбогдож бүртгэлээ баталгаажуулаад байнгын ашигладаг арилжааны банкны дансаар ногдол ашгаа авах юм. Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 2.5 сая гаруй иргэнд ногдол ашиг олгох ажлыг хамгийн хялбараар, цаг хугацаа, явдал чирэгдэлгүй зохион байгуулахад анхаарч байгааг Б.Ганхуяг захирал тэмдэглэв. 



Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр: “Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 25 компани 80 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаа олон нийтэд мэдэгдсэн. Үүн дээр нэмэгдээд “Эрдэнэс Таван Tолгой” ХК нэгж хувьцаандаа 90 төгрөг буюу 200 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг өгөхөөр боллоо. Энэ бол иргэд хувьцааныхаа өгөөжийг хүртэж буй энгийн асуудал. Сонгуулийн өмнө мөнгө тарааж байна гэж иргэд ойлгож байх шиг байна. Бид саяхан СЗХ-той хамтран жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тогтоол гаргасан. Тогтоолын хүрээнд хувьцаат компаниудад ногдол ашиг тараах он сараа тодорхой зарлах, эхний хагас жилд багтаан олгох шаардлага тавьж байгаа. Энэ бол олон улсын стандарт” гэлээ. 


Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим үнэт цаасны компаниуд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа аж. Түүнчлэн Гэрэгэ системсийн киоскоор хувьцааны дансаа нээлгэх боломжтой аж. Хувьцааны данс нээлгэх гэж яарч сандрах хэрэггүй бөгөөд иргэн бүрийн бүртгэл мэдээлэл болон ногдол ашиг Үнэт цаасны хадгаламжийн төвд хадгалагдаж байх учир хүссэн үедээ хувьцааны дансаа нээлгээд ногдол ашгаа авах боломжтой юм.



Холбоотой мэдээ