Элчин сайд Цай Вэньруй Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-24 11:19:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Мэндчилгээнд, “Монголын ард түмэн уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэж буйг тохиолдуулж миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс Сар шинийн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хятад, Монгол хоёр улс нь хаяа залган оршиж, зовлон жаргалаа хамтдаа хуваалцдаг хөрш орнууд. БНХАУ-ын Засгийн газар Монгол Улстай урт хугацааны тогтвортой, найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ажиллаж байна. Өнгөрсөн жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж харилцааны хөгжлийг шинэ өндөрлөгт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам бэхжүүллээ. Хоёр орны удирдагч нарын хамтын хүчин чармайлтаар, хоёр улсын ард түмний нөхөрлөл найрамдал улам бэхжин батдаж, Хятад, Монголын харилцаа илүү өргөнөөр хөгжинө гэдэгт итгэлтэй байна.


“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Хятадын Засгийн газар болон ард түмэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдварт өвчинтэй хатуу тэмцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Хятадын удирдлагуудад захидал илгээн эмгэнэл илэрхийлж, өвчний эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон үр өгөөжийг сайшаан, өндрөөр үнэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар, улс төрийн намууд, ТББ, бизнесийн салбарын төлөөллүүд болон хувь хүмүүс ЭСЯ-нд захидал илгээн эмгэнэл илэрхийлж, хандив өргөсөөр байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад улсын өвчний тархалттай тэмцэх явдлыг сайшаан дэмжиж байна. Энэ бүхэн Монголын Засгийн газар болон ард түмний Хятадад туслах чин сэтгэлийг илтгэсэн бөгөөд хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр хөгжил болон ард түмний хүнд үед хамт байж, харилцан тусалдаг найрамдалт нөхөрлөлийг харууллаа. Хятадын Засгийн газар болон ард түмэн монголчуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. ХКН-ын зөв удирдлага, Монгол Улс болон дэлхийн улс орнуудын асар их дэмжлэг байхад Хятад улс өвчнийг ялан дийлэх бүрэн итгэл, чадвартай байна.


2020 оны босгон дээр, Хятадын тал Си Жиньпиний гадаад харилцааны үзэл санааг даган мөрдөж, “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй харилцан ойлголцолтой байх” гадаад бодлогын үзэл санаа болон “хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох” чиглэлийг баримталж, хоёр орны удирдлагуудын чухал тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж байна. Хятад, Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ шатанд хүргэж, хоёр орны ард иргэдэд илүү их сайн сайхныг авчрахын төлөө Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улс цэцэглэн хөгжиж, ард түмэн аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр орны найрамдал мөнхөд орших болтугай” гэжээ.

Холбоотой мэдээ