Өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн зорилт 94,2 хувьтай хэрэгжсэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. 2019
оныг “Иргэнд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах жил”
болгон зарлаж, Увс аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 253
арга хэмжээ төлөвлөн ажилласны үр дүнд гүйцэтгэлийн хэрэгжилт урьдчилсан
байдлаар 94.2 хувийн биелэлттэй байна.
Нэг:
Нийгмийн бодлогын талаар
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 төсөл
хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилт 90 хувьтай байна.
Төрийн болон
орон нутгийн өмчийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өөрөө өөртөө бий
болгосон ажлын байранд зуучлах үйлчилгээний хүрээнд 2019 оны байдлаар 1000
ажлын байр бий болгохоор төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр байнгын ажлын байранд
754 иргэнийг, түр ажлын байранд 700 иргэнийг, нийт 1454 иргэн шинэ ажлын
байртай болсон. Үүнээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 төсөл хөтөлбөрөөр 348,
барилгын салбар, улсын болон орон нутгийн төсвөөр хийж буй бүтээн
байгуулалтын ажил, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийт 1106 ажлын шинэ байр
бий боллоо.
Ахмадыг
дэмжих хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, ахмадуудад чиглэсэн урлаг, соёл, спортын үйл ажиллагаа, баруун бүсийн удирдах ажилтны сургалт зөвлөгөөн, язгуур урлагийн
бүсийн наадам зохион байгуулж, ахмадын баярын үйл ажиллагаанд сум бүрт
дэмжлэг үзүүлсэн олон талт ажилд 4000 гаруй ахмад хамрагдлаа.
Аймгийн ахмадын сувиллын өргөтгөлийн зураг
төсвийг гаргуулан гүйцэтгэж, цахилгаан дамжуулалтыг орон нутгийн төсвөөс тус
тус шийдвэрлэсэн. Ингэснээр Ахмадын сувиллын орны тоо нэмэгдэж, ая тухтай
орчинд жилдээ 800 гаруй ахмад амарч сувилуулах боломжтой болов. Баруун бүсийн
ахмадын асрамжийн газрын барилгад их засвар хийснээр асруулагчдын амьдрах
орчин нөхцөл сайжирсан. Ахмадын сувилалд 543 ахмад настан амарч сувилуулан
сэргээн засах үйлчилгээнд хамрагдаж, 2998
ахмад настанд насны хишиг болох 470 сая төгрөг олголоо.
Хүнсний
эрхийн бичгийн үйлчилгээнд 1.7 мянган өрхийн 9000 гаруй иргэн, хүүхдийн мөнгөн
тэтгэмжид 15306 өрхийн 28092 хүүхэд хамрагдаж, өрх толгойлсон 213 хүнд 250.9
сая төгрөг, 0-3 насны хүүхдээ асарч байгаа 4852 эхэд 2.7 тэрбум төгрөгийн
тэтгэмж өглөө.
“Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн
хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган сум,
байгууллагуудад хүргүүлэн ажилласны үр дүнд гүйцэтгэлийн хэрэгжилт 90 хувьтай
биелж, тэдэнд чиглэсэн ажлын хүртээмж, оролцоо сайжирсан. Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хөгжлийн төвийн барилгыг төвлөрсөн халаалтад холбосноор хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн ТББ гишүүддээ чиглэсэн үйл ажиллагааг ая тухтай орчинд
явуулах боломж бүрдсэн.
Жендэрийн
эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх
арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллалаа.
Жендэрийн
сургагч багш нар, энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд, ажилтнуудыг оролцуулсан
сургалтын багийг байгуулж, эмэгтэйчүүдийн чуулган, эрэгтэйчүүдийн хэлэлцүүлэг,
хөвгүүдэд зориулсан чин сэтгэлийн ярилцлага, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд зориулсан үйл ажиллагаа, угийн бичгийн сургалт зэргийг зохион
байгууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд төлөвлөсөн ажлууд 90
хувьтай хэрэгжиж, сургалтад 2000 гаруй хүн
хамрагдсан.
Нийгмийн даатгалын хуульд орсон өөрчлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулж, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд эдийн засгийн идэвхтэй хүн амын 9855 иргэнийг эрүүл мэндийн даатгалд, 11814 хүнийг нийгмийн даатгалын албан журмын даатгалд, 4561 иргэнийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд, нийт 26230 иргэнийг нийгмийн даатгалд хамруулсан нь эдийн засгийн идэвхтэй 36400 хүн амын 72 хувийг хамарч, төлөвлөгөөг 98.6 хувиар биелүүлсэн.
Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
Аймгийн
Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх
зорилгоор Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Баруун
бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн V чуулган”-ыг зохион байгуулж, бүсийн
аймгууд болон ОХУ-ын Тува улсын төлөөлөл, ЭМЯ, ДЭМБ зэрэг байгууллагын
төлөөллийг оролцуулсан нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг
дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсан, тэргүүн сайн туршлагыг нэвтрүүлэх, харилцан
мэдлэг хуваалцсан ажил болсон.
“Эрдмийн
товчоон-2019” онол практикийн бага хурал, “Сувилахуй эрдмийн товчоон-2019”
эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулж, нийт сувилагч, тусгай
мэргэжилтний 70 гаруй хувь оролцсон нь сувилахуйн тусламж үйлчилгээг
нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх, бие биенээсээ суралцан туршлага солилцох үр
дүнтэй ажил болсон.
Тайванийн Тайпу эмнэлэгт нүдний болорын мэс заслын сургалтад их эмч, сувилагч
нарыг багаар нь суралцуулж мэргэжил дээшлүүллээ.
2019 онд БНСУ-ын Бусан хотын "Сайхан
хүмүүс" олон нийтийн байгууллага аймгийн эрүүл мэндийн салбартай хамтран
ажиллах санал тавьсны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өндөрхангай сумын Сум
дундын эмнэлэг, Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв, Завхан сумын Эрүүл мэндийн
төвд нийт 4 ширхэг бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашиныг
хүлээлгэн өгснөөр дээрх сумдад алслагдсан сум, багаас өвчтөнг аюулгүй түргэн
шуурхай тээвэрлэх нөхцөл бүрдсэн.
Аймгийн
Нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн болон нүдний кабинет байгуулахад
шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж байна.
"Эрүүл
шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллаж байна.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийн 5
шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад тэнцэж, 2-12 насны 21284 хүүхдийг сум,
багаар хуваарилан мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан. Хөтөлбөр 5 жилийн
хугацаатай хэрэгжих ба хөтөлбөрийн I үе шатны хэрэгжилтийн хувь 108.4 хувьтай
байна.
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах
бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах
зорилгоор хөдөөгийн 18 сумын багийн иргэд, Улаангом сумын 12 багт “Баг-93”
явуулын тусламж үйлчилгээг үзүүлсэн. Нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн 17-60
хүний бүрэлдэхүүнтэй, зургаан ээлжээр нийтдээ 49 хоногт 52 цэгт тусламж
үйлчилгээг үзүүлсэн. Энэ үеэр сумын ИТХ, ЗДТГ, багийн Засаг дарга, Эрүүл мэндийн
төвийн эмч, ажилчид, бусад төрийн албан хаагчидтай хамтарч ажилласан. Нийт
41036 хүн амд эрүүл мэндийн үзлэг хийж 2-р шатлалд 549, 3-р шатлалд 92 хүнийг
илгээж, 52 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 2416 хүнд эмчилгээний зөвлөгөө өгсөн
байна.
Жирэмсэн
эхийн эрт үеийн хяналт 94,6 хувьтай байна. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдийн
эндэгдэл 2016 онд 55 байсан бол 2017 онд 45, 2018 онд 38, 2019 онд 34 болж
буурлаа.
Улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд 50 ортой Хүүхдийн эмнэлэг барих ажил
70 гаруй хувьтай явж байна. Мөн Улаангом сумын 12-р багт өрхийн ЭМТ-ийн барилга
шинээр барих, Цагаанхайрхан, Бөхмөрөн сумын ЭМТ-ийн барилгын өргөтгөл, Ховд,
Өндөрхангай сумын ЭМТ, аймгийн Зоонозын төвийн барилгын их засвар,
Баруунтуруун, Давст, Цагаанхайрхан, Өлгий, Зүүнговь, Зүүнхангай, Ховд сумын
ЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр шинэ эмнэлэг 1, ЭМТ-ийн
барилга 1, ЭМТ-ийн барилгын өргөтгөл 2, ЭМТ-ийн их засвар 3, ЭМТ-ийн
шаардлагатай тоног төхөөрөмж 7 газарт нийлүүлж, эрүүл мэндийн салбарт
хэрэгцээтэй хөрөнгө оруулалтын ажлууд хийж байна.
Боловсролын салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
2019 оны
ЭЕШ-аар аймгийн төгсөгчид улсын хэмжээнд өмнөх жилийн аргачлалаар 1-р байр,
шинэчилсэн аргачлалаар 5-р байр эзэлсэн.
2019 оны
боловсролын чанарын үнэлгээний шалгалтад 58.3 хувь буюу улсын дунджаас 8.5
хувиар илүү шалгагдсан байна. Энэхүү үзүүлэлтүүд аймгийн боловсролын салбарын
ажил улсын хэмжээнд манлайлж буйг илтгэж байна. Аймгийн хэмжээнд ЕБ-ын
сургуулиудын 40 хувь, дотуур байрны 52 хувь, цэцэрлэгүүдийн 76 хувь нь
стандарт хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай боллоо.
Боловсролын
салбарт улсын болон ОНХО-аар Түргэн сумын ЕБС-ийн 320 хүүхдийн хичээлийн байр,
Улаангом сумын 2, 12-р багийн төвийн цэцэрлэгийн барилга, Улаангом сумын
цогцолбор 2-р сургуулийн барилгын өргөтгөл, Давст сумын ЕБС-ийн дотуур байрны
барилга, Тэс сумын ЕБ-ийн 1-р сургуулийн дотуур байрны барилгын өргөтгөл,
Өндөрхангай, Улаангом сумын 3, 6, 9-р цэцэрлэгийн барилгын өргөтгөл зэргийг
шинээр барьж байгуулан ашиглалтад оруулсан. Баруунтуруун сумын ЕБС-ийн дотуур
байр, цэцэрлэгийн барилгын их засвар, Улаангом сумын ЕБ-ийн 5-р сургуулийн
дотуур байр, цэцэрлэгийн барилгын их засвар, Малчин, Зүүнхангай, Өмнөговь,
Хяргас сумын Хүүхдийн цэцэрлэгийн их засвар, Завхан, Өндөрхангай, Улаангом
сумын 3, 6-р сургуулийн барилгын их засварын ажлуудыг хийж гүйцэтгэснээр
сургуулийн суудлын тоо 480-аар, цэцэрлэгийн орны тоо 650-аар нэмэгдэж цэцэрлэг,
сургуулийн ачаалал буурч, ая тухтай, хэвийн орчинд ажиллаж байна. Аймгийн
хэмжээнд СӨБ-д хамрагдвал зохих 2-5 насны 8165 хүүхдээс 7595 хүүхэд буюу 93.2
хувь нь хамрагдаж өмнөх оноос 4.5 хувиар, 2016 оноос 10 хувиар өссөн байна.
Улаангом политехник коллежийн оюутны 300 ортой дотуур байр, Наранбулаг сумын ЕБС-ийн 640 хүүхдийн хичээлийн байр, Зүүнговь, Тариалан сумын цэцэрлэгийн барилга, Бөхмөрөн, Зүүнговь, Зүүнхангай сумын ЕБС-ийн спорт заал, Өлгий сумын спортын цогцолбор зэрэг барилгыг шинээр барьж байна.
Соёлын салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
Соёл урлагийн
явуулын үйлчилгээг хөдөөгийн сум, багийн иргэдэд хүргэх зорилгоор “Ойрад”
театрын уран бүтээлчид 19 суманд ажиллаж мэргэжлийн урлагийн байгууллагын
үйлчилгээг сум, багийн иргэдэд цогцоор нь хүргэлээ.
Баг-93 соёл урлагийн үйлчилгээг зохион
байгуулснаар сумын Соёлын төвийн үйл ажиллагааг дэмжих, хөдөөгийн ард иргэдэд
мэргэжлийн соёлын байгууллагын үйлчилгээг хүргэх, түгээн дэлгэрүүлэх, ойрад
түмний баялаг өв соёлыг сурталчлах зэрэг чухал үр өгөөжтэй ажил боллоо.
“Ойрад”
театраас баруун Монголын хурим, найрын ёс заншлыг харуулсан “Гурван чимэгтэй
наадам” үндэсний бүрэн хэмжээний театрчилсан уран бүтээлийг шинээр туурвиж
үзэгчдийн хүртээл болгосон.
2019 онд
гадаадын 6 улс, дотоодын 4 аймаг, хот, өөрийн аймгийн 19 сум, багийн иргэдэд
ардын урлагийн олон төрөл зүйлийг орчин үе, сонгодог урлагтай хослуулан
мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн нөөц боломжид тулгуурлан
ойрад түмний баялаг өв санг хөгжүүлж нийт давхардсан тоогоор 6050 хүнд хүрч
үйлчилсэн байна.
Тэс,
Бөхмөрөн, Цагаанхайрхан сум "Сум сурталчлах-соёлын өдөр"-өө аймгийн төвд зохион байгуулсан. Тус өдөрлөгийн хүрээнд сум тус бүр
түүх соёл, ёс заншлын онцлог бүхий баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээ
болон тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын
үйл ажиллагааг сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үзэсгэлэн
худалдаа, өв соёлоо харуулсан урлаг уран сайхан, хүндэтгэлийн концерт, хүчит бөхийн барилдаан
зэргийг зохион байгууллаа.
Спортын салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
Аймгийн хэмжээнд өсвөр үе, насанд хүрэгчид,
ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нийтийн биеийн тамирын болон спортын
124 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, 15596 иргэнийг хамрууллаа.
Спортын 17
холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, аймгийн аварга шалгаруулах тэмцээн
уралдаан зохион байгуулахад дэмжиж хамтран ажиллалаа.
Увс аймагт
шинэ тутам хөгжих боломжтой спортын төрлүүдийг бодлогоор дэмжиж Орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн “Боксын ринг”-тэй болсон. Цаашид
Байт харвааны тоног төхөөрөмжөөр баг тамирчдаа хангана.
Багийн
спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн
өсвөрийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургалтын чанарт ахиц гарч тамирчдын
амжилт сайжирч, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байна. Тухайлбал: Хүүхдийн спортын 6 дугаар их наадмын Сагсан бөмбөгийн 3х3, 5х5
төрөлд баруун бүсээс шалгаран шигшээ тэмцээнд амжилттай оролцож 3х3 төрөлд
хөвгүүдийн баг Алтан медаль, 3х3 төрөлд охидын баг 4-р байрт шалгарч багийн
нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ. Хөл бөмбөгийн өсвөр үеийн улсын аварга
шалгаруулах тэмцээний U-16 насны ангилалд Увс аймгийн баг тамирчид Алтан медаль хүртсэн бол Насанд хүрэгчдийн Үндэсний цомын аварга шалгаруулах тэмцээнд
Увс аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртсэн гэх мэт томоохон амжилтууд
гаргаад байна.
Аймгийн баг тамирчид Сумо бөхийн ДАШТ-ээс 1
хүрэл медаль, хөнгөн атлетикийн төрөлд 1 алтан медаль, сумо бөхийн төрөлд 1
хүрэл медаль, спортын бусад төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан
медаль 50, мөнгөн медаль 50, хүрэл медаль 81, нийт 181 медаль хүртсэн арвин
амжилтын он жил байлаа.
Гэр бүл хүүхэд, залуучуудын салбарын бодлогыг
хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
Аймгийн залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг
хангах зорилгоор Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатар хот болон
Ховд аймагт суралцаж буй 53 оюутанд 13.2 сая төгрөгийн тэтгэлэг олголоо.
Хүүхдийн
өөрөө удирдах байгууллагын сурагчдыг үе тэнгийн сургагч багшаар бэлтгэх
сургалт, Өсвөр үе залуучуудын сонирхлын 6 клуб, дугуйланд 306, хөгжил
төлөвшлийн амьдрах ухааны 12 цогц сургалтад 520 залуус тус тус хамрагдсан. Мөн
аймгийн болон зарим сумын Залуучуудын чуулга уулзалтуудыг зохион байгуулж
салбар салбарын залуусыг оролцуулан тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг
судлан шийдвэрлүүлэх зэрэг 23 томоохон ажлуудыг зохион байгуулсан.
“Тогтвортой
хөгжилд залуучуудын оролцоо” зөвлөлдөх уулзалтад 19 сумын 500 гаруй залуус оролцож, гэмт хэрэг зөрчилд холбогдож буй байдал түүнээс урьдчилан
сэргийлэх, мэргэжил сонголт, боловсрол, цус ойртолтоос сэргийлж
удмын сангаа хамгаалах нь, залуучуудын оролцоо манлайлал сэдвээр илтгэл
хэлэлцүүлэн, уриалга гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Аймгийн
Хүүхдийн төлөө зөвлөлөөс хүүхдийн эрүүл мэнд, эрх, хамгаалал, хүүхдэд ээлтэй
орчин, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 ажил
төлөвлөн хэрэгжүүлж ажилласан байна.
Хүний эрхийн
үндэсний салбар комисс, ГХУССЗ, аймгийн Цагдаагийн газартай хамтран
иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 14 сумын 1647 хүүхэд, 1301
иргэнд урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг хийлээ.
Бүтэн өнчин
хүүхдүүдэд зориулан “Амьдралын гараа” тэтгэмж олгох ажлын хүрээнд 16 сумын 79
хүүхдэд тус бүр 250000 төгрөгийн хадгаламж нээж өгсөн.
Хүүхдийн
урлаг, уран бүтээлийн “Авьяас 2019” наадамд 28 сургууль, 30 цэцэрлэгийн 3500
гаруй хүүхэд оролцож авьяас, ур чадвараа хөгжүүллээ.
Хоёр. Эдийн
засгийн хөгжлийн бодлогын талаар:
Аймгийн
эдийн засгийн хөгжил, дэд бүтэц, хот байгуулалт, үйлдвэрлэл, ХАА-н болон аялал
жуулчлал, Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт нийтдээ 101 зорилт, арга
хэмжээ төлөвлөгдөж, гүйцэтгэл 93.9 хувийн биелэлттэй байна.
Монгол Улсын
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Тогтвортой
хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичигт нийцүүлж аймгийн ИТХ-ын
ээлжит 9-р хуралдаанаар “Увс аймгийн хөгжлийн хэтийн зорилт” /2019-2028 он/
бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү
бодлогын баримт бичиг батлагдсанаар улс төрийн сонгуульд аль нам эвсэл ялахаас
үл шалтгаалж Увс аймгийн хөгжлийн зорилтот түвшин, салбаруудын хөгжлийн чиг
хандлага өөрчлөгдөхгүй болж байна. Цаашид аймгийн дунд, богино хугацааны
бодлогын баримт бичгүүд, шат шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,
үндсэн чиглэлийг боловсруулахдаа энэхүү бодлогын баримт бичгийг баримталж
ажиллана.
Эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлогын
хүрээнд Боршоо боомтыг олон улсын статустай болгож, цогцолборын барилга
байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ-г боловсруулах, Дэглий цагаан нисэх онгоцны
буудлын зурвасыг өргөтгөж, дунд оврын онгоц хүлээн авах, ОХУ-ын Кызыл чиглэлд
олон улсын агаарын шинэ зам нээх, Увсад хөрөнгө оруулагчдын чуулган зохион
байгуулах зэрэг томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байна.
“Увс
аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт -2019” үйл ажиллагааг Улаанбаатар хотод
амжилттай зохион байгуулснаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна
Энэтхэг, Америк, Солонгос, Казакстан, Куба, ОХУ зэрэг улсын элчин сайдын яамд,
олон улсын төслийн байгууллагууд, үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд зэрэг 500 гаруй
хүн оролцсон.
Увс аймагт
хөрөнгө оруулалт хийхээр мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, дулааны
аргаар мах боловсруулах үйлдвэр, хүнсний ногооны төсөл зэрэгт нийт 29,5 тэрбум
төгрөг, эрчим хүчний салбарт 26,3 тэрбум төгрөг, байгаль орчны салбарт 14,7
тэрбум төгрөг, аялал жуулчлалын салбарт 1,6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн
салбарт 160 сая төгрөг, ХАА-н бусад салбарт 2,5 тэрбум төгрөг, банк санхүүгийн
салбарын бүтээн байгуулалтад 2 тэрбум төгрөг, нийгмийн бусад салбарт 660 сая
төгрөг, нийтдээ 77,6 тэрбум төгрөгийн төслүүдийг төр, хувийн хэвшил, иргэдийн
хандиваар хамтран хэрэгжүүлэхээр болж санамж бичгүүдэд гарын үсэг зурснаар 10
төсөл нь орон нутагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүүхэд хөгжүүлэх, орчин
тохижуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, амжилт үзүүлсэн багш нарыг
урамшуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг нийгмийн салбарт 662 сая төгрөгийн
ажил хийсэн байна. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэг зурсан
ажлууд ийнхүү хэрэгжиж эхэлсэн бөгөөд ирэх онуудад үргэлжлүүлэн хэрэгжих юм.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт нийт 15 аж ахуйн нэгжийн төсөл дэмжигдэж, Увсын брэнд цагаан ултай гутал, жимс чацарганы бүтээгдэхүүн, модон урлал, давсан чимэглэл, зөөлөн оёдол, мах, сүүн бүтээгдэхүүн, эсгий, талх, нарийн боов, хүнсний ногоо боловсруулах, замын хавтан, вакум цонхны үйлдвэр байгуулах зэрэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх 15 төсөлд 20-120 сая төгрөгийн зээл олгогдож байна.
ХАА-н салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
Увс аймагт 2019 оны эцэст 3.2 сая толгой мал
тоологдож, өнгөрсөн оноос 11.1 хувиар өссөн. Мал аж ахуйн салбар дотоодын нийт
бүтээгдэхүүний 34.4 хувийг бүрдүүлж, малчдын зээлийн хэмжээ
буурч, иргэдийн хадгаламж өссөн байна.
1993 оноос
хойш олон жил ярьж ирсэн Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адууг Үүлдэр болгон
баталгаажуулах түүхэн ажил 2019 онд хийлээ. Ийнхүү Үүлдэр болон албан ёсоор
баталгаажсанаар шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах, цаашид улс орны болон
олон улсын түвшинд Тэс үүлдрийн адуу, Өлгийн улаан ямааны ноолуурын үнэ цэнийг
нэмэгдүүлэх эдийн засгийн онцгой ач холбогдолтой ажил болсон.
Аймгийн
хэмжээнд 5050 малчин, мал бүхий иргэд арьс ширний урамшуулалд хамрагдаж 2019
онд 600 сая төгрөг авсан нь өмнөх жилтэй харьцуулахад 27.2 хувиар өссөн байна.
Мөн 4757 малчин өрхийн ноосны урамшууллын материалыг нэгтгэж, Мал хамгаалах
санд хүргүүллээ.
2019 онд
16524 га талбайд үр тариа тариалж, 26274 тн ургац авсан нь сүүлийн 26 жилд
байгаагүй арвин их ургац байлаа. Нийтдээ 240 тариаланч, аж ахуйн нэгжүүд 1
тэрбум 11 сая төгрөгийн урамшуулал авсан нь өмнөх оноос 21 хувиар өссөн байна.
Дэд бүтцийн
салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт 36.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийлээ. 2019 онд шинээр Улаангом суманд ахлах 2-р сургуулийн өргөтгөл, Төрийн банкны барилга, 2, 12-р багт 150 хүүхдийн цэцэрлэг, 1, 7-р багт 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл, 12-р багт Эрүүл мэндийн төв, Авто тээврийн техник хяналтын үзлэгийн төв, Бөхмөрөн, Зүүнхангай сумын Нутгийн захиргааны ордон, Түргэн суманд 320 хүүхдийн сургууль, Зүүнговь суманд 250 суудалтай Соёлын төвийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийлээ.
Мөн
сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эрүүл мэндийн төв зэрэг 18
барилгад их засварын ажил хийж, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн
цэвэр цэмцгэр, дулаан тохилог, эрүүл ахуйн норм нормативыг хангасан
байгууламжтай болж, иргэд, хүүхэд багачуудад сурч хүмүүжих, төрийн
албан хаагчдад ажиллах таатай орчин бүрдлээ.
Энэ онд
аймгийн "Ойрад" театрын барилга, усан бассейн, спорт фитнесийн
барилга, 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга, Улаангом коллежийн 300 ортой
оюутны дотуур байр, Наранбулаг суманд 640 суудалтай сургуулийн
барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн.
Хяргас нуурын Зүүн хаяа-Завхан аймгийн
Сонгино сум чиглэлийн 135.5 км, Сонгино–Тосонцэнгэл чиглэлийн 163 км замуудыг
тус тус ашиглалтад оруулснаар Улаангом -
Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо.
Авто зам,
зам гүүрийн салбарт нийт 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
Энэхүү ажлын хүрээнд Намирын голын модон гүүрийг шинэчилж, 48 у/м төмөр бетон
гүүр, 5 км хайрган замыг барьж ашиглалтад орууллаа. Өлгий, Өмнөговь, Зүүнговь
сумын төвүүдэд тус бүр 1.2 км явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий цемент бетон
хучилттай авто замтай боллоо. Улаангом сумын 1, 3, 7, 12-р багт явган хүний
зам, гэрэлтүүлэг, дугуйн зам бүхий 6.89 км, Цагаанхайрхан, Сагил, Давст,
Баруунтуруун, Тэс суманд тус бүр 1 км гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий хатуу
хучилттай авто замын ажлуудыг эхлүүлсэн. Баруунтуруун сумын Туруун голын гүүр,
Зүүнговь сумын Нарийний голд гүүрийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Гашууны голын
төмөр бетон гүүрийн их засварын ажлыг эхлүүллээ.
Орон нутагт
замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх
зорилгоор Улаангом-Хандгайт чиглэлийн авто зам дагууд хяналтын пост барьж,
байнгын ажиллагаанд оруулсан.
Авто
тээврийн төвийн гадна талбайн тохижилт, техникийн үзлэгийн барилгыг шинээр
барьснаар иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх
нөхцөл бүрдлээ.
Тэс сумыг
өндөр хурдны шилэн кабельд холбох, холбооны барилгыг шинээр барих ажлыг хийж
гүйцэтгэлээ. Тус сумын иргэдэд төрийн байгууллагуудын цахим үйлчилгээг
онлайнаар хүргэх, зайн сургалт, интернэтийн үйлчилгээ нэвтрэх, алсын оношилгоо,
видео хурлыг зохион байгуулах зэрэг бүх төрлийн онлайн үйлчилгээг цахим
хэлбэрээр дамжуулах нөхцөл боломжийг бүрдүүлснээр аймгийн бүх сум шилэн
кабельд бүрэн холбогдлоо.
Өмнөговь
сумын төв дэх цамхагийг шинэчилснээр сумын иргэдийн үүрэн холбооны найдвартай
эх үүсвэр бий боллоо.
Иргэдийн
аюулгүй, тав тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчний
алдагдлыг бууруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор
Улаангом сумын 3, 4-р багт гэрэлтүүлэг хийж, камержуулах, Өндөрхангай, Түргэн
суманд 0,4 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл хийх,
Улаангом сумын I, II багт ЦДАШ-ын өргөтгөл барих, Ховд сумын Ачит багийг
төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбох, Боршоо боомт, Давст сумын Хандгайт
багийн сүлжээний цамхагийг цахилгаанаар хангах ажлууд хийлээ.
Улаангом
сумын 4, 5, 6, 7, 11-р багт 4 ширхэг ДДТөв, дулаан, цэвэр, хэрэглээний
халуун ус, бохирын шугам татах ажлыг эхлүүлснээр гэр хороололд амины орон сууц
барих, хэрэглэгчдийг стандарт шаардлагад нийцсэн дулаан, хэрэглээний халуун
усаар хангах, хөрс, агаарын бохирдол буурах нөхцөл бүрдлээ.
Төв суурин
газрын ундны усан хангамжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Өмнөговь,
Түргэн сум, Улаангомын 2, 6, 9, 10, 12-р багт ундны усны нийт 8 худаг
гаргаж, Өмнөговь, Наранбулаг, Хяргас сум, Улаангом сумын 2, 4, 6, 9, 10, 12-р
багт 16 худагт ухаалаг төхөөрөмж нэмэлтээр суурилуулах ажлыг хэрэгжүүллээ.
Аялал жуулчлал, байгаль орчны салбарын бодлогын талаар:
2019 оны жил эцсийн байдлаар Боршоо, Тэс
боомтоор ОХУ-аас 45104 бизнес аялагчид, 28167 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч, бусад орноос 4124 жуулчин Увс аймагт ирж худалдаа, үйлчилгээний
салбарт орлого оруулснаар дотоодын борлуулалтын хэмжээ 40 орчим тэрбум төгрөгт
хүрч өнгөрсөн онтой харьцуулахад экспортын хэмжээ 6.8 дахин өссөн.
Аялагчдад
үйлчлэх зочид буудал, зоогийн газар, худалдаа үйлчилгээний салбарынхныг
чадавхжуулах талаар бидэнд хийх ажил их байна. Энэ ажлын эхлэл болгож аяллын
хөтөч, үйлчилгээний ажилчдыг бэлтгэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулж
байна.
Энэ онд
“ITM-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч,
Түншлэгч аймгаар Увс аймаг ажиллаж, 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.
Аялал
жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах зорилтын хүрээнд
“Тэмээ-мөс-загасчлал-2019” эвент арга хэмжээг 3 дугаар сард Завхан сум, Хяргас
нууранд зохион байгуулж, ОХУ, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн нийт 2000
гаруй аялагч, сонирхогчид оролцлоо. Оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа нь
өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их байгааг харуулж байна.
ГХАН ЭТИС
хөтөлбөрт санал тавьсны дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж
байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд 10 сая хүртэлх төгрөгийн төслийн
уралдаан зарлаж, 8 төслийг шалгаруулан,нийт 90 сая төгрөгийн санхүүжилт,
ЖДҮ-ийн 15 төслийг шалгаруулж, нийт 150 сая төгрөгийн үнэ бүхий тоног
төхөөрөмжийн дэмжлэг тус тус үзүүллээ.
Аймгийн
нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн хөрсний чийг,
бэлчээрийн ургамлын ургацыг сайжруулах, гол горхи, нуурын усны нөөцийг тэтгэх
зорилгоор УЦУОШТ-өөс 22 удаагийн үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг
амжилттай зохион байгуулж, үр ашгийн тооцооллыг хийлээ.
Тусгай
зөвшөөрлийн агнуур хийх хугацаанд агнуурын бүс нутгаас 10 угалз, 5 тэхийн
агнуурыг гэрээний дагуу зохион байгуулж, агнуурын нөөц ашигласны төлбөрийн
орлогод 530.3 сая төгрөг тухайн сумдын төсөвт төвлөрүүлсэн.
Улаангом
суманд улсын төсвийн 250 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “Увс аймгийн агаар,
орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх” ажлыг Улаангом тохижилт үйлчилгээ
ОНТҮГ хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд Улаангом сумын Увш харын хуучин хогийн
цэгийн 105 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, түрж отволдох, дарж булшлах,
тэмдэгжүүлэх, камержуулах зэрэг ажил хийлээ. Цэвэрлэсэн талбайд дахин хог
асгахаас сэргийлж, Увш хар уулын урд үзүүрээс адаг хүртэл хамгаалалтын далан,
зорчих хэсгийн зам дагуу 2000 м газарт зогоон татсан. Мөн нийтийн орон
сууцнуудын дунд ангилан ялгах зориулалт бүхий хогийн бункер 30 ширхэгийг
байрлуулж, гудамжинд 50 ш хогийн сав, сандал байрлууллаа. БОАЖЯ-аас санаачилсан
“Ногоон паспорт” аян, “Хандлагаа өөрчилье” уриан дор аймагт байгуулсан 3.5 га
ногоон төглийн ажлыг амжилттай гүйцэтгэж, тарьсан модыг усалж, арчлан ургуулсан
ба намрын тооллогоор таримлын амьдралт 95 хувьтай байна.
Усны эх,
ундарга, нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас
сэргийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн гол ус бохирдуулахаас сэргийлэх зорилгоор
аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн
тогтоов. Энэхүү хамгаалалтын бүс нь аймгийн газар нутгийн 21 хувийг эзэлж
байна. Эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг нөхөрлөл, аж ахуйн
нэгжийн хөрөнгөөр нийт 57.9 га талбайд хийлээ.
Төрийн
үйлчилгээ, засаглалын бодлогын талаар:
Аймгийн
ЗДТГ-аас 2019 оныг “Иргэнд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг
сайжруулах жил” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хэрэгжилтийг
хангуулахаар аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж, сум, агентлаг, төрийн
бүх шатны байгууллагуудын гүйцэтгэлийн гэрээ, төлөвлөгөөнд тусган дараах
ажлуудыг зохион байгууллаа.
Аймгийн төв
Улаангом суманд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа,
үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хуучнаар “Мини зах”-ын
байрыг их засварт оруулан төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж,
байгууллагуудыг төвлөрүүлэн зохион байгуулж, шилэн кабельд холбосноор 20 байгууллага
160 гаруй нэр төрлийн үйлчилгээг үзүүлж сард дунджаар 6-7 мянга орчим, хагас
жилийн байдлаар 35542 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн дэмжлэг, ОНХО-ын эх
үүсвэрээр хөдөөгийн 18 суманд онлайн хурлын тоног төхөөрөмж суурилуулж бүх
төрлийн сургалт, мэдээллийг цаг хугацаа, орон зайны хамааралгүй хямд зардлаар
шуурхай хүргэх, мэдээлэл солилцож сургалт явуулах боломж бүрдлээ.
Аймгийн
төвийн Үйлчилгээний нэгдсэн төвийн шинэ байранд төрийн мэдээллийн
"ХУР" системийг байршуулж операторын хэлбэрт шилжүүлэн иргэдэд 10
гаруй төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна.
Хууль
эрхзүйн хэлтсийн архивын тасгаас 8 суманд архивын лавлагаа үйлчилгээгээр
үйлчлэн ажилласан. Энэ ажлын хүрээнд хөдөөгийн 413 малчин, иргэдэд тэтгэвэр
тогтоолгохтой холбоотой баримтаас цалингийн түүвэр, ажилд орсон, гарсан тушаал,
малын “А” дансны хуулбар, 70-р дансны хуулбар зэрэг лавлагаагаар үйлчилж төийн
үйлчилгээг суманд хүргэж ажилласан нь үр дүнтэй ажил болсон. 2019 оны 11-р
сарын байдлаар 1650 иргэнд архивын лавлагаагаар үйлчилсэн.
Улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар Бөхмөрөн, Зүүнхангай, Сагил сумын Нутгийн
удирдлагын ордонг барьж ашиглалтад орууллаа.
Өмнөговь
сумын Холбоо, Сагил сумын Боршоо, Улаангом сумын Шатад багт багийн төвийн
байр шинээр барьж, алслагдсан багийн иргэд эрүүл мэндийн үзлэг, хурал цуглаан,
баяр ёслол зэрэг төрийн үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулах орчныг
бүрдүүллээ. Мөн ОНХО-аар Бөхмөрөн, Тариалан, Тэс сумын ЗДТГ-ын автомашины парк шинэчлэл,
өмнөх онд мотоцикл олгогдоогүй Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь,
Өндөрхангай, Баруунтуруун зэрэг сумын 15 багийн Засаг даргыг унаажуулснаар Увс
аймгийн бүх багийн Засаг дарга, хөдөөгийн 64 багийн эмч нар унаажиж иргэдэд
хүргэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох нөхцөл бүрдлээ.
2019 оны 1
дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хууль,
түүнийг дагалдан УИХ, МУЗГ, Төрийн албаны зөвлөлийн нийт 47 тогтоол, журмууд
шинэчлэгдэн гарсан бөгөөд тухай бүр төрийн байгууллага, албан хаагчдад
танилцуулан хэрэгжүүлж ажилласан.
Төрийн
албаны тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой төрийн захиргааны албан хаагчдын
албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлыг 3 дугаар сараас эхлэн
хэрэгжүүлж Увс аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын болон Засаг даргын эрхлэх
асуудлын хүрээний 7 агентлагийн 136 албан тушаалд хамаарах 105 албан тушаалын
тодорхойлолтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн
хянуулж батлах зөвшөөрөл авсан. Ийнхүү албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн
баталснаар цаашид хуулинд өөрчлөлт орохоос бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлт
нэрээр төрийн албан хаагчдын ажлын байрыг хасах ажил хуулиар хамгаалагдаж
байна.
2019 онд
аймгийн “Сургалт, зөвлөгөөний нэгдсэн төлөвлөгөө”-г баталж 102 сургалт, семинар
зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж давхардсан тоогоор 10120 төрийн албан
хаагчийг хамруулсан.
Увс аймагт
Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-тай хамтран 2019 оны 06 дугаар сард Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс зохион
байгуулсан “Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт, ЗГХЭГ-ын
“Төлөвлөлт хяналт-шинжилгээний уялдааг хангах нь” сэдэвт баруун бүсийн
сургалтуудыг зохион байгуулж Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарч
буй УИХ, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн талаар
сурталчиллаа.
Төрийн
албанд сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, төрийн албаны бүх шатанд
шударга ил тод хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн шударга ёсны зарчмыг үйл
ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, хууль журмын хүрээнд байгууллагын төсөв
санхүү, үйл ажиллагаа, хүний нөөц, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг
ханган ажиллах талаар үүрэг чиглэл өгч, мэдээллийн болон цахим самбар, вэб
сайт, олон нийтийн сүлжээгээр болон сонин сэтгүүл зэргээр дамжуулан иргэдийг
мэдээллээр тогтмол хангаж байна.
Гадаад
харилцаа, төсөл хөтөлбөрийн чиглэлээр:
2019 онд
аймгийн гадаад харилцаа өргөжиж, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны
хүрээнд төрөл бүрийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ.
2019 оны 6-р
сард аймгийн Засаг дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд
багтан БНКиргиз улсад айлчлал хийж Иссык куль муж ба Увс аймгийн хооронд
хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар хэл соёл, түүх гарал угсаа нэгтэй бүс
нутгийн ард түмэнтэй аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж бүрдлээ.
ОХУ-ын Тува
улсын Ерөнхийлөгч Ш.В.Кара-Оолын санаачилгаар 2019 оны 6-р сард Кызыл хотноо
“Сибирийн хэлэлцээр” төслийн хүрээнд хэрэгжүүлэх бүс нутгуудын эдийн засгийн
хамтын ажиллагааны холбооны хуралд аймгийн Засаг дарга оролцож, ОХУ-ын Сибирийн
тойргийн 10 бүс нутгуудын удирдагчид болон БНХАУ-ын ШУӨЗО-ны дэд дарга нартай
“Төв Сибирь-Баруун Монгол-Баруун Хятад” сэдэвт хил дамнасан автозамын тээврийн
коридор байгуулах төслийг хэрэгжүүлэх протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр
Кызыл-Улаангом-Улаанбаатар агаарын шугам нээх,
Красноярс-Абакан-Кызыл-Улаангом-Булган-Үрүмч автозамын коридор нээх,
Боршоо-Хандгайтын боомтын дэд бүтцийг сайжруулах төслүүдийн бэлтгэл ханган
ажилласнаар зорчигчид, ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ.
Аймгийн
тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын Бусан
хотноо төвтэй Ази, Номхон далайн хотуудын олон улсын аялал жуулчлалын томоохон
байгууллагын 9-р ассамблейд оролцон гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан.
Ингэснээр Увс аймаг дэлхийн 24 орны 124 хоттой аялал жуулчлалын салбарт олон
улсын түвшинд хамтран ажиллах, олон улсын сайтад аймгийнхаа аялал жуулчлалын
нөөцийг сурталчлах, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх боломж бүрдлээ.
2019 онд
Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Японы
Өвсний үндэс хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сан, Мерси Кор олон улсын байгууллага, АНУ-ын Элчин сайдын яам, Канад сан, Пусан хотын “Сайхан хүмүүс”
ТББ зэрэг олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийсэн.
Хууль, Эрх
зүйн бодлогын талаар:
“Эрх зүйн
боловсрол” дэд хөтөлбөр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн
ажиллаж байна. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд эрх зүйн сургалт, сурталчилгаа,
соён гэгээрүүлэх ажлыг аймгийн хэмжээнд иргэд, төрийн албан хаагчид, оюутан
сурагчдад гэх мэтээр зорилтот бүлгүүдээр ангилан сургалт зохион байгуулж
давхардсан тоогоор 15000 гаруй хүнийг хамрууллаа.
Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил, уулзалт,
зөвлөгөөн, шаардлагатай хориглолт хязгаарлалтыг тогтоох, зохион байгуулалтын
арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2019 оны 11 дүгээр сарын байдлаар гэр бүлийн
хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 7 нэгжээр, гудамж талбайд үйлдэгдсэн
гэмт хэрэг 4 нэгжээр, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 11 нэгжээр,
бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 8 нэгжээр, хилийн зөрчил 50 хувиар, хил зөрчсөн
хүний тоо 75 хувь, хилийн дэглэмийн зөрчил 87.5 хувиар, хулгайлагдсан малын тоо
96.7 хувиар тус тус буурсан байна. Мөн
Авлигатай тэмцэх газраас 2 жил тутамд шударга байдлын үнэлгээ тогтоодог. Увс
аймгийн Засаг даргын Тамгын газар 2018 оны шударга түвшний үнэлгээгээр улсад
2 дугаар байрт орсон.
Архивын
ерөнхий газар, Төрийн албаны зөвлөлөөс 4 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг
төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн
улсын үзлэгт Увс аймаг амжилттай шалгуулж 95.2 хувьтай буюу “А”
үнэлэгдлээ.
Увс аймгийн
Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд болох Эрүүл мэндийн газар,
Статистикийн хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын
хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Стандарт, хэмжил зүйн газар, Ус,
цаг уур, орчны шинжилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газар 2018 оны жилийн
ажлын дүнгээрээ улсад тэргүүллээ. Мөн Улаангом сумын 5-р цэцэрлэг Улсын
тэргүүний цэцэрлэгээр, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Нийтлэг үйлчилгээний алба ажлын
үзүүлэлтээр улсад 2-р байрт тус тус шалгарлаа.
2019 онд аж
үйлдвэрийн салбарт 19.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 21.6 тэрбум
төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 40 хувиар,
бүтээгдэхүүн борлуулалт 51.1 хувиар өссөн байна. Улсын төвлөрсөн төсвийн
шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 онд аймгийн төсөвт 24.6 тэрбум
төгрөг оруулахаас 25.3 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.5
хувьтай, 626.9 сая төгрөг буюу 2.5 хувиар давуулан биеллүүлж байна.
Нэг хүнд
ногдох ДНБ аймгийн хэмжээнд 2018 онд 4.7 сая төгрөг болж, өмнөх оноос 20.1
хувиар нэмэгдсэн. Аймгийн ДНБ 388.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 21.8 хувиар
өсч баруун бүсийн хэмжээнд тэргүүлж байна. Өрсөлдөх чадварын үнэлгээний төвөөс
аймгуудын өрсөлдөх чадварыг тогтооход Увс аймаг баруун бүс нутагтаа тэргүүлж
байна.
Эдийн
засгийн үзүүлэлт сайжирч байгаагийн нэг илрэл бол иргэдийн хадгаламж нэмэгдсэн
дүн мэдээ юм. Иргэдийн арилжааны банк дахь хадгаламжийн үлдэгдэл 2016 онд 60
тэрбум төгрөг байсан бол 2019 онд 116 тэрбумд хүрч бараг 2 дахин өссөн байна.
Эдгээр амжилтуудын үр дүнд болон иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлсэн, бүтээн
байгуулалт өрнүүлсэн, нийгэм эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан, салбар
тус бүрт хийсэн шинэлэг ажил, ахиц дэвшил зэргийг харгалзан Монгол Улсын
Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж
ажилласан амжилтаараа Увс аймаг Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар шалгарлаа.
Аймгийн
эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт 253 арга хэмжээ
төлөвлөснөөс үр дүнтэй буюу 100 хувь хэрэгжсэн 217, тодорхой үр дүнд хүрсэн
буюу 70 хувь хэрэгжсэн 23, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувь хэрэгжсэн 6,
үр дүнгүй буюу 0 хувьтай 4, үнэлэх боломжгүй 3 арга хэмжээ байгаа бөгөөд
хэрэгжилтийн ерөнхий дүн урьдчилсан байдлаар 94.2 хувийн биелэлттэй байна.
УИХ-ын болон Засгийн газрын гишүүд,
аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, гадаадын төсөл хөтөлбөрүүд, хувийн хэвшлийн
байгууллагуудтай хамтран ажилласны үр
дүнд төрийн үйлчилгээг сайжруулах үүднээс төрийн захиргааны болон эрүүл мэнд,
боловсрол, нийгэм соёлын байгууллагуудын барилга байгууламжийг шинээр барих,
засварлах, цахилгааны хангамжийг сайжруулах шугам сүлжээг өргөтгөх, хүчитгэх,
зам, гүүрийн барилга барих, засах зэрэг ажил, арга хэмжээнд нийтдээ улс, аймаг,
орон нутгийн төсвөөр 120 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээс 2019
оны гүйцэтгэлээр улсын төсвөөс 50.3 тэрбум, аймаг, орон нутгийн төсвөөс 14.1
тэрбум, хувийн хэвшлийн салбараас 4.1 тэрбум, олон улсын байгууллага, төсөл
хөтөлбөрийн дэмжлэгээр 2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, аймгийн дүнгээрээ
70.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засвар тохижилт
болон нийгмийн хөгжил рүү чиглэсэн ажлыг 2019 онд хийж гүйцэтгэсэн байна.