Си Жиньпин: Хятад, Монгол хүнд хэцүү цаг үед харилцан бие биедээ тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-28 13:47:08

БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Бээжин хотын Ардын их танхимд уулзлаа.


Хятадын Засгийн газар, ард түмэн коронавирусний тархалттай тэмцэх чиглэлд бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн үнэ цэнтэй тусламжийг санал болголоо гэж Си Жиньпин хэлсэн байна.


Хятад улсад коронавирусний халдвар тархсанаас хойш айлчилсан анхны төрийн тэргүүн Х.Баттулга болсныг Си Жиньпин онцлон дурдаад, Хятадад тайтгарал, дэмжлэг үзүүлэхээр хийсэн түүний онцгой айлчлал Хятад-Монгол болон хоёр улсын ард түмний найрамдалт харилцаанд өндөр ач холбогдол өгч буйг илэрхийлж байна гэж хэлжээ.


"Энэхүү үйл явдал хөрш хоёр орон хүнд хэцүү цагийг хамтдаа туулж, бие биедээ туслахын тулд нягт хамтран ажиллаж буйн илэрхийлэл юм" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 


Х.Баттулгын айлчлал Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралт дууссанаас нэгхэн хоногийн дараа болсныг Си Жиньпин онцлоод, Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.


COVID-19” халдварын тархалт дэгдсэнээс хойш Хятадын Коммунист нам, Засгийн газар тархалтад ихээхэн анхаарал хандуулж, хариу арга хэмжээ авах үндэсний механизмаа идэвхжүүлж, иж бүрэн, нягт нямбай, чанд хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ гэж Си Жиньпин хэлсэн байна.


Коммунист намын Төв хороо “COVID-19” халдварын тархалтад хяналт тавих, урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцсан удирдах бүлгийг нэн даруй байгуулж, төв Засгийн газар удирдах багийг Хубэй муж руу илгээсэн гэж тэрбээр хэлжээ.


“Шаргуу ажилласны дүнд урьдчилан сэргийлэх, хянах ажиллагаанд эерэг үзүүлэлтүүд гарсаар байна. Манай улс халдварыг даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж БНХАУ-ын дарга нэмж хэлжээ.


Хятад улс урьдчилан сэргийлэх, хянах ажиллагааг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй уялдуулан, халдварын нөлөөг хамгийн бага хэмжээнд хүргэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж тэрбээр хэлсэн байна.


Си Жиньпиний хэлснээр, Хятад улс орон нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд учирч болзошгүй эрдслийг харгалзан үзэж, үйлдвэрлэлийн ажиллагааг сэргээх, хаврын улиралд тариалан эрхлэх, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулахын тулд бүс нутгуудад өөр өөр арга барилыг хэрэгжүүлжээ.  


Хятадын дотоодын эрэлт өндөр, аж үйлдвэрийн бааз хүчирхэг тул эдийн засаг тогтвортой байгааг тэрбээр онцлон тэмдэглээд, манай улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн энэ оны зорилтууддаа хүрэхийн төлөө хичээн зүтгэх болно гэж хэлжээ.


Хүн төрөлхтөний хамтын ирээдүйг цогцлоох зорилтын дагуу бид зөвхөн ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна гэж нэмж хэлжээ.


"Хятадын Засгийн газар нээлттэй, ил тод, хариуцлагатай хандлагыг хэрэгжүүлснээр халдварын тархалттай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж байна. Манай улсын хүчин чармайлтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх мэт олон улсын нийгэмлэгүүд өндрөөр үнэлсэн" гэж БНХАУ-ын дарга хэлсэн байна.


БНХАУ халдвартай тэмцэх, бүс нутгийн болон дэлхий дахины эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлд Монгол тэргүүтэй бусад оронтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж тэрбээр нэмж хэлжээ.


Хятад, Монгол уул усаар холбогдсон найрсаг хөршүүдийн хувьд бид хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хөрш орны дипломат ажиллагааны тэргүүлэх чиглэлд Монгол улс үргэлж багтдаг. Хятад улс Монгол Улстай улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжтэй “Бүс ба Зам” хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилдаг " гэж тэрбээр тэмдэглэжээ.


Үүний хариуд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, халдвар тархсан явдалд харамсаж буйгаа Хятадын ард түмэнд илэрхийлээд, БНХАУ халдварын тархалттай тэмцэх чиглэлд урьдчилан сэргийлэх, хянах механизмыг хурдацтай байгуулж, ард түмэндээ чиглэсэн хүчин чармайлт гаргасныг сайшаажээ.


Монгол, Хятад иж бүрэн стратегийн түншүүд болохыг тэрбээр онцлоод, Монголын ард түмэн хүнд хэцүү цаг үед Хятадын ард түмэнтэй хамт хэмээн хэлсэн байна.


COVID-19” халдварын тархалттай тэмцэх Хятадын үйл хэрэгт Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор хандивын аяныг эхлүүлснээс гадна 30 мянган хонь бэлэглэх болно гэж тэрбээр нэмж хэлжээ.


Хятадын ард түмэн Си Жиньпин даргынхаа удирдлага дор халдварын тархалтыг удахгүй ялан дийлж, саад тотгоруудыг даван туулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтууддаа хүрнэ гэдэгт итгэж буйгаа Х.Баттулга илэрхийлсэн байна.


"Монгол Улс Хятад улсын хөршийн дипломат ажиллагааг сайшаадаг бөгөөд хоёр талын харилцааг улам хөгжүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан итгэлцэл, дэмжлэгийг гүнзгийрүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна" гэж тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ