"Хурд" хамтлаг цахим тоглолтоор хандив цуглуулна

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-02 14:01:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хандив цуглуулах зорилгоор “Хурд” хамтлагийнхан анх удаа цахим тоглолт зохион байгуулахаа Шадар сайд Ө.Энхтүвшинд өнөөдөр танилцуулав.


Тус хамтлагийн гишүүд УОК-т мөнгөн хандив өргөх үеэрээ дээрх мэдээллийг өгсөн юм. “Буцааж нэхэхгүй хайр” нэртэй тус цахим тоглолтыг бүсгүйчүүд, эхчүүдийг баярлуулах зорилгын хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах ч УОК-ын шийдвэр, сэрэмжлүүлгийг давхар хүргэх аж. Мөн энэ тоглолтоор уран бүтээлчдийг хандивын аянд нэгдэхийг уриалах юм.


Тоглолтыг "Монгол" HD телевизийн эфир, цахим хуудас болон Хурд хамтлагийн цахим хуудсаар гуравдугаар сарын 8-ны 09.00-12.00 цагт шууд дамжуулах бөгөөд хандив цуглуулах дансыг зарлана. "Цугларсан мөнгөөр шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа албан хаагчдын хамгаалах хэрэгсэлд зориулна" хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглээд, "Хурд" хамтлагийнханд талархал илэрхийлэв.

Холбоотой мэдээ