Р.Төлеу: Каз, борцныхоо технологийг боловсронгуй болгож дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-02 10:43:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний адууны махаар хийдэг уламжлалт хоол “каз”-ыг  үйлдвэрийн аргаар боловсруулж, савлан гаргаж байгаа “Акбоар” компанийн үүсгэн байгуулагч Рахметийн Төлеутэй ярилцлаа.  


- Танай компани байгуулагдаад хэдэн жил болсон вэ

- Компаниа 2008 онд үүсгэн байгуулсан. Тухайн үед орон нутагт жижиг, дунд үйлдвэр хөгжөөгүй, талх, нарийн боов, хиамыг хүртэл Улаанбаатар хотоос зөөвөрлөдөг байсан шүү дээ. Бид чихрийн жижиг үйлдвэр, талх, нарийн боов болон казахын ард түмний уламжлалт казыг үйлдвэрийн аргаар боловсруулж, савлахаас ажлын гараагаа эхэлж байлаа.

- Казахын ард түмэн хоолны өвөрмөц соёлтой. Казахуудын тухай ярихад хүмүүсийн санаанд каз өөрийн эрхгүй ордог. Олон зууны турш уламжлалт аргаар бэлтгэж ирсэн казыг үйлдвэрийн аргаар боловсруулах санаа анх яаж төрсөн бэ?

- Манайхан социализмын үеэс Улаанбаатар хотод, эсвэл өөр аймагт амьдардаг найз нөхдийнхөө гэрт зочлохдоо өөрийн гэсэн гарын бэлэгтэй очдог байсан. Тухайн үеийн нэр хүндтэй гарын бэлэг гэхэд Баян-Өлгий аймгийн хүнсний комбинатад үйлдвэрлэсэн "Шалхыма" нэртэй архи, хойлогны мах, тэгээд каз зэрэг байжээ. Иргэд хувийн өмчийн малгүй, айл болгон идшиндээ адуу нядлах боломжгүй, захаас худалдаж авна гэсэн ойлголт байхгүй тул каз нэлээн ховор хүнсэнд тооцогддог байсан гэж хэлж болно. Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн нийгэмд шилжиж, иргэд хувийн малтай болсноор хамгийн хүндэт зочноо адууны мах, казаар дайлдаг, бэлэглэдэг уламжлал дахин сэргэж, алс хол явж байгаа хүмүүс, оюутнуудын хамгийн найдвартай хүнс болов. Гэхдээ казыг зуны улиралд түүхийгээр болон чанаж хол газар авч явах хүндрэлтэй хэвээр байсан. Тийм учраас бидэнд адууны махыг орчин үеийн техник, технологийг түшиглэн үйлдвэрийн аргаар боловсруулж, савлах санаа төрсөн юм.


- Үйлдвэрлэлийн технологийг яаж олсон бэ?

- Тэр үед Европ болон дэлхийн бусад улс орнуудад махыг вакуумдаж 7-10 хоногоор хадгалдаг байсан. Эдгээр орнуудын туршлагыг судалсны үр дүнд казыг удаан хугацаагаар хадгалах, авч явах, дэлгүүрт тавьж борлуулахад тохиромжтой болгон савлах технологийг өөрсдийнхөө онцлогт тохируулан бий болгов. Энэ ажилд Жеруйых хоршооны захирал А.Ханай гуай маш их тус болсон. А.Ханай ахын болон тухайн үеийн аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн дарга А.Ханат, мэргэжилтэн Ж.Сайран, Р.Гүлзада зэрэг хүмүүсийн дэмжлэгээр казыг үйлдвэрийн аргаар боловсруулах, савлах стандарттай болов. Аймагтаа анх удаа тохирлын гэрчилгээ авсан. Өнөөдрийг хүртэл дээрх стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, зах зээлд гарган ажиллаж байна.

- Ардын уламжлалт аргаар казыг адууны хавирганы махаар хийдэг. Харин үйлдвэрт ямар мах ашиглаж байна?

- Нэг адуу нядалж, түүний зөвхөн хавирганы махаар каз хийлээ гэхэд, дараа нь үлдэгдэл махыг зах зээлд гаргах хэцүү болдог. Манай казахын ард түмэн зөвхөн каз биш, адууны бусад эрхтний махаар “хартаа” хэмээх бүтээгдэхүүн бас хийдэг шүү дээ. Бид ч энэ аргыг түшиглэн адууны махыг бүгдийг ашиглаж байгаа. Гэхдээ технологийн горимыг чанд сахиж үйлдвэрлэж байгаа болохоор казтай адилхан сайхан амттай байдаг.

- Анх үйлдвэрээ байгуулахдаа бүтээгдэхүүнийхээ онцлогт тохирсон тоног төхөөрөмжийг хэрхэн сонгож авсан бэ?

- Тухайн үед тоног төхөөрөмжийн асуудал хэцүү байлаа. Бид үйлдвэрээ босгохдоо томоохон хүнсний үйлдвэр, хоолны газруудад ашигладаг байсан тогоо, хэрчдэг, зүсдэг, савладаг, вакуумддаг тоног төхөөрөмжүүдийг урд хөршөөс оруулж ирсэн.  

- Үйлдвэрийн хүчин чадал ямар вэ?

- Манай казны үйлдвэрийн хүчин чадал нэлээн өндөр. Түүхий махаар бодоход, өдөрт 4-5 тонн мах чанаж, боловсруулах хүчин чадалтай. Зах зээлийн багтаамжаас хамааран хүчин чадлынхаа 30 орчим хувийг л ашиглаж байгаа. Учир нь анх стандартаа батлуулахдаа хадгалах хугацааг 1 сар гэж заасан тул бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж, холбогдох газруудад хүргэх хүртэл хугацаа нь дуусчихдаг. Харин манай бүтээгдэхүүнийг 6 сар хадгалж болно. Сүүлдээ энэ байдлыг харгалзан үзээд хадгалах хугацааг нь 6 сараас дээш гэж гаргасан байна. Уг нь манайх уламжлалт аргаар бэлтгэсэн казаа дараагийн идэш бэлтгэх хүртэл жилийн турш хадгалж чаддаг ард түмэн шүү дээ.


- Одоогийн байдлаар сардаа хэр их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

- Бид бүтээгдэхүүнээ 300 граммаар савладаг. Энэ хэмжээгээр сард 6-10 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Борлуулалт маш сайн байгаа. Каз бүтээгдэхүүн маань  аяллаар явдаг хүмүүсийн замын хүнс, бэлэг болж Монгол Улс болон дэлхийн өнцөг булан бүрт тарж байна. Одоогоор үйлдвэртээ найман хүнийг ажлын байраар хангаж байгаа.

- Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулдаг вэ?

- Бид зөвхөн өөрсдөө ашиг олох биш улс орондоо татвар төлж, хөгжилд нь нэмэр болохыг чухалчилдаг. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тул аймгийн төвийн томоохон супермаркет, худалдааны төвүүдтэй хамтран ажилладаг.

- Адууны мах, каз эрүүл мэндийн талаас ямар ач холбогдолтой вэ?

- Адууны мах маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогддог бөгөөд валин, метеонин хүчил, цистин, аспаргин, глютамин, тирозин хүчил зэрэг нь бусад малын маханд байдаг хэмжээнээс илүү байдгийг эрдэмтэд судалгаагаар нотолжээ. Түүнээс гадна ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх, эдгээхэд онцгой ач холбогдолтой.  

- Танай үйлдвэр сүүлийн үед борц үйлдвэрлэж байгаа гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Тийм ээ, “Баян борц” нэртэй шинэ бүтээгдэхүүнээ гаргаад зургаан сар орчим болж байна. Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 100 сая төгрөгийн санхүүжилт авсан. Түүгээрээ үйлдвэртээ шинээр тоног төхөөрөмж нийлүүлж, нэмэлт хөргөлтийн байр байгуулсан. Учир нь бид намар малын үнэ ханш гайгүй байгаа үед махаа бэлтгээд авчихдаг тул хөргөлтийн систем маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний үр дүнд шинэ бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн гарт хүрээд эхэллээ.


- Яагаад борц үйлдвэрлэх болсон бэ?

- Монголын ард түмэн эрт дээр үеэс таван хошуу малаа түшиглэж амьдарч ирсэн шүү дээ. Эдийн засгийн гол хөшүүрэг нь мал. Гэхдээ өнөөдөр малын махыг дотоод хэрэгцээндээ ашиглаж байгаа болохоос гадагшаа төдийлөн гаргаж чадахгүй байна. Наад захын жишээ хэлэхэд, иргэд өнөөдөр гадаадад суралцаж байгаа оюутан хүүхдэдээ, хамаатан садан, найз нөхдөдөө Монгол орны бахархал болсон махны дээжээс хил, гаалийн асуудлаас болж хүргэж чадахгүй байна. Түүхий мах гаргах маш төвөгтэй. Тийм учраас ард иргэдийн санал, хүсэлтийг судалж үзсэний үндсэнд борц үйлдвэрлэхээр шийдсэн. Уламжлалт аргаар борцыг түүхийгээр нь бэлтгэдэг бол бид чанаж болгоод, савлаж хаяг, шошготойгоор гаргаж байна. Үйлдвэрийн дамжлага нь казтай адилхан. Борцыг эхний ээлжид хонь, ямааны махаар хийж байгаа. Удахгүй тэмээ, үхрийн махыг борцолж гаргахыг зорьж байна. Бидний каз, борц бүтээгдэхүүн маань холбогдох стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, үйлдвэрийн аргаар боловсрогдон гарч байгаа болохоор бусад орны хилээр ямар нэгэн саадгүй нэвтрүүлнэ.

- Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх үү?

- Би монгол малын мах удахгүй дэлхийн зах зээлд брэнд болно гэж боддог. Тухайлбал, Алтайн уулсад 200 гаруй эмийн ургамал ургадаг. Энэ ургамлаар хооллож байгаа малын мах тэжээллэг чанараараа дэлхийд тэргүүлнэ. Манай улсын хувьд өмнө нь нүүрс, ашигт малтмалаараа төсвийнхөө дийлэнх хэсгийг бүрдүүлж ирсэн бол цаашид махны экспортоороо орлого олох боломж харагдаж байна. Дэлхий дахинд гоц халдварт өвчин хурдацтай тархаж байгаа өнөө үед Монголын малын чанар, хүний эрүүл мэндэд үзүүлэх ач тус бусад улс орнуудын анхаарлыг маш ихээр татаж эхэллээ шүү дээ. Тиймээс бид одоо үйлдвэрлэж байгаа каз, борцныхоо технологийг хөгжүүлж, хадгалах хугацааг нь 2-3 жил болгон уртасгаж, улмаар дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байна. Мөн консервын үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байгаа.   

- Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудад тулгамдсан ямар асуудал байна?

- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал борлуулалт байдаг. Төр засгаас борлуулалтыг бодлогоор дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. Манай урд хөршид нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй том зах зээл байна. Бусад улс орнууд могой, шавж, сарьсан багваахай зэрэг хөдөлдөг болгоныг хоол хүнсэнд хэрэглэх явдлаас татгалзаж эхэллээ шүү дээ. Тийм учраас хил залгаа улсуудад малын махны үнэ цэн алтны дайтай болно гэж боддог. Сая Ерөнхийлөгч маань БНХАУ-д 30 мянган толгой хонь хандивлаж энэ замын эхлэлийг тавиад ирлээ. Бид малын тоо толгойг өсгөхөөс гадна, чанаржуулж, дэлхийн зах зээлд хөл тавих ёстой. Манай Засгийн газраас 2019 онд махны экспортод хязгаарлалт тавьсан нь буруу шийдвэр байсан гэж хувьдаа үздэг.

- Цаг заваа гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.


Холбоотой мэдээ