Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-26 09:55:40

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа.


Ирэх сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй тул малчид, ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг байнга сонсож, ажлаа төлөвлөхийг зөвлөжээ.


Аравдугаар сард агаарын дундаж температур Увс, Завхан аймгийн нутаг, Баян-Өлгий аймгийн нутгийн ихэнх, Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Мөн сарын нэгдүгээр арав хоногт олон жилийн дунджаас дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр орох төлөвтэй байна.


Харин төвийн аймгууд буюу Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн ихэнх, Сэлэнгийн баруун, Төвийн баруун хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй. Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд, сүүл үед олон жилийн дунджаас дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үед орох төлөвтэй байна.


Зүүн аймгуудын нутгаар 10 дугаар сард агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны хувьд сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүл, гуравдугаар арав хоногийн дунд, сүүлээр олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үед хур тунадас орох нь ээ.


Говийн аймгуудын нутгаар ирэх сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын нэгдүгээр арав хоногийн дунд, сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үед олон жилийн дунджаас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, сүүл үед олон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үед хур тунадас орох төлөвтэй байна.



Холбоотой мэдээ