СҮХБААТАР: Баяндэлгэр сумын Их мандал уулын палеолитын дурсгал нь нэн ховорт тооцогддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт 2023 онд хийсэн хайгуул судалгааны үр дүнд 970 дэсийн 1100 орчим дурсгал бүртгэсэн
байдаг. Эдгээр дурсгалын дотор нэг өвөрмөц дурсгал байсан нь Их мандал уулын палеолитын дурсгалт газар юм.
Их мандал уулын дурсгалт газрын онцлог нь "Гилбэр" зэвсэг бүхий суурин юм.
Учир нь монголын зүүн бүс нутгаас гилбэр зэвсэг бүхий суурин урьд өмнө илэрч байгаагүй бөгөөд эдгээр гилбэр зэвсгүүд нь говийн бүс нутгаас олддог гилбэр зэвсгүүдээс хэмжээний хувьд 1-2 дахин том төдийгүй хадан хясааны орой дээр байрласнаараа онцгой ялгардаг. Энэхүү дурсгалт газраас олдсон гилбэр зэвсэгтэй харьцуулах олдвор бүхий суурин манай улсын болон хөрш зэргэлдээх нутаг дэвсгэрт одоогоор олдоогүй байна.
Мөн хайгуул, судалгааны ажлын үр дүнд чулуун онго шинээр илрүүлэн олж бүртгэсэн нь дахин давтагдашгүй хийцтэй ба шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн сүсэг бишрэлийг илэрхийлэх ховор олдворт тооцогддог байна.