Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-03 00:01:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагт нээнэ.


Улаанбаатар хотод нэвтрэх болон хотоос гарах долоон шалган нэвтрүүлэх цэгт цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын 130 алба хаагч ажиллах аж. Цагдаагийн байгууллагаас шалган нэвтрүүлэх цэгт бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд цэг тус бүрт найман урсгал шинээр нээхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замд 50 км тутамд орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлэг томилж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх юм.


Мөн шалган нэвтрүүлэх товчоодод Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын мэргэжилтнүүд 24 цагаар ажиллаж, коронавирусний сэжигтэй тохиолдлыг илрүүлэх зорилгоор иргэдээс асуумж авах аж. ОУШХБ-ын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко “Энэхүү асуумжийг 2019 онд Өмнөд Судан улсад Эбола вирус тархах үед ашиглаж байсан. Шинэ төрлийн халдвар илэрсэн тохиолдолд халдвар тээгчийн харилцсан иргэдийг түргэн шуурхай илрүүлэх зорилготой энэхүү асуумж тухайн үед туйлын эерэг үр дүн авч ирсэн” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ