Сэлэнгэ аймагт хяналтад байгаа иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-04 15:21:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн нөхцөл байдлын талаарх 12.00 цагийн мэдээлэл өглөө.

Сэлэнгэ аймагт хяналтад байгаа иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байна. 3 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор нийт 171 тээврийн хэрэгслээр 410 монгол, 39 гадаад нийт 449 зорчигч гарсан байна. Харин орох чиглэлд 126 тээврийн хэрэгслээр 232 монгол, 79 гадаад нийт 311 зорчигч нэвтэрчээ. Үүнээс 311 зорчигчийн биеийн халууныг хэмжин 288 зорчигчоор эрүүл мэндийн асуумж авахад өвчлөл бүртгэгдсэн орноос дамжин ирсэн дөрвөн иргэнийг тээвэрлэн ирсэн нэг жолоочийн хамт ажиглалтад түр тусгаарлан, Дархан-Уул аймагт шилжүүлжээ.

Сүхбаатар боомтоор гарах чиглэлд 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 305 дугаар галт тэрэг 48 зорчигчтой 21.50 минутад Сүхбаатар өртөөгөөр орж ирсэн байна. Сүхбаатар боомтын гарах чиглэлийн хөдөлгөөнд зөрчил илрээгүй аж. Орох чиглэлд 3 дугаар сарын 3-ны өдөр Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 25 зорчигчтой 22.30-д Сүхбаатар өртөөгөөр орж иржээ. Нийт 25 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл  мэндийн мэдүүлэг авахад халдвар бүртгэгдсэн орноос ОХУ-аар дамжин ирсэн долоон монгол иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймагт шилжүүлээд байгаа юм байна. 3 дугаар сарын 3-4-ний өдөр Алтанбулаг, Сүхбаатар боомтоор Монгол Улсын 33 иргэнийг хүлээн авч, тандалт хийн Дархан-Уул аймагт шилжүүллээ.

 

Холбоотой мэдээ