Монгол Улсын эдийн засагт "COVID-19"-ийн үзүүлж буй эрсдэлийг бууруулахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-05 16:25:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, УИХ-ын байнгын хороодын дарга нартай уулзаж, "COVID-19" Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, эрсдэлийг бууруулах  үүрэг өглөө.


Тухайлбал, Мөнгөний бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахыг Монголбанканд даалгав. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даалгасан юм.


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний улмаас төрийн үйлчилгээг аж ахуйн нэгжүүдэд хүргэх хороо, комиссууд хуралдахгүй байгаа. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг МҮХАҮТ-ын төлөөлөгч уулзалтын үеэр хэллээ. Тиймээс төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод, хөрш улсуудтай худалдааны хэлэлцээ хийх, экспортыг нэмэх, алт болон ноолуур хөтөлбөрийг дэмжихэд анхаарч ажиллахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт даалгалаа.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх эсэхийг тодрууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоогоор тодотгол хийж болохгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн тодорхой хувийг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих ваучер хэлбэрээр тараах МҮХАҮТ-ын саналыг судална. Энэ нь эдийн засгаа дэмжих нэг арга юм" гэв.


БНХАУ-ын эдийн засгийн өөрчлөлт нь манай улсын эдийн засагт 4-6 сарын дараа нөлөөлдөг байна. Тухайлбал, 2011-2012 онд БНХАУ-ын эдийн засаг 1.4 хувиар буурахад Монголын эдийн засаг 5,2 хувиар буурч байжээ. "COVID-19"-ийн эдийн засагт учруулах нөлөөлөл нь 2003 оны САРС-ын үеийнхээс ч өндөр байх магадлалтай учир даатгал, эрсдэлийн сан хөгжөөгүй манай улсын хувьд ажлын байрыг хадгалах, төсөвт тодотгол хийх, татвар хураамжийг түр хугацаагаар хөнгөлөх, хойшлуулах, чөлөөлөх нь урт хугацаандаа ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байна.



Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: "Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилго тавин ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан 12 мянган тонн мах бэлтгэсэн. Нөөцийн махны үнэ хямд байгаа бөгөөд тасалдал гарах эрсдэл тун бага. Үүнийг дагаад махны үнэ тогтворжино. Манай улсын гурилын жилийн хэрэгцээнд 300 мянган тонн буудай шаардлагатай байдаг. Бид өнгөрсөн онд 246.4 мянган тонн улаан буудай хүлээн авсан. Энэ нь жилийн хэрэглээний 80 хувийг хангах нөөц юм. Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд бидэнд 60 мянган тонн чанарын шаардлага хангасан буудай хэрэгтэй. Хил гааль, экспорт, импорт хязгаарлагдаж байгаагаас 100 мянган тонн улаан буудай импортлох ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар гурилын 3 сарын нөөц байна. Гурилын үнэ харьцангуй тогтвортой буюу 1180-1527 төгрөг байна. Цагаан будаа, элчин чихэр, ургамлын тос 100 хувь импортоор оруулж ирдэг учраас нөөц бүрдүүлэх боломжгүй байна. Одоогоор цагаан будаа 1,5 сарын, элсэн чихэр 3.5 сарын, ургамлын тос 1.6 сарын нөөцтэй байна. Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Сүүний хэрэгцээг тооцвол жилд 154.8 мянган тонн шингэн сүү хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс зуны улиралд хангадаг. 4,000 тонн хуурай сүү импортоор оруулж ирэхээр төлөвлөсөн байсан. Өнгөрсөн 2 дугаар сард болсон Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нэмж 2,000 тонн сүү импортлохоор болсон. Мөн дээр нь ариутгалын бодисын үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор техникийн спиртийн хэрэгцээ нэмэгдсэн. Тиймээс техникийн спирт үйлдвэрлэх зорилгоор 10 мянган тонн улаан буудайг импортоор авах шийдвэр гаргасан. Харин ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байхаар шийдлээ" гэв.



Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсэж байгаа талаар ярилцлаа. Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төвбанкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах санал гаргасан. Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болно гэж үзэж байна. ДЭМБ-аас бэлэн мөнгө "COVID-19"-ийн халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс цаасан дэвсгэртийн хэрэглээг бууруулж, шинэ вирусний тархалтын эрсдэлээс сэргийлэх, цахим золголтыг дэмжих зорилгоор банкны гүйлгээний шимтгэлийг 0 болгох шийдвэр гаргасан. Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлдэг мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна. Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа. Одоогийн байдлаар 4,3 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Төвбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн, 2019 онд 15.1 тонн үнэт металл худалдан авсан. Харин 2020 оны эхний 2 сарын байдлаар 4 тонн үнэт металл худалдан авсан. Дэлхийн зах зээл дээр ч алтны ханш өсөлттэй байгаа. Оны эхний байдлаар долларын ханш 0,9 хувиар суларч, төгрөг чангарсан. Бодит байдал дээр төгрөгийн доллартай харьцах ханш чангарч байгаа.



МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: "COVID-19" бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар 1100 аж ахуй нэгжээс судалгаа авсан. Судалгаанд оролцогчдын 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна. Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57.7 хувь буурсан, 40.1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14.5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулсан байна.

Холбоотой мэдээ