"Алсын хараа-2050" төслийн хэлэлцүүлэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-05 22:56:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал”-ын төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төрийн ордноо өнөөдөр зохион байгууллаа.   


Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Нямбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, С.Баяр, “Алсын хараа-2050”-ыг боловсруулсан ажлын багийн гишүүд оролцов. 


УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулж, санал бодлоо хэллээ.



Уг баримт бичгийг УИХ-аар хэлэлцэж, тогтоолоор батлах юм. Тогтоолын төслийг УИХ-ын чуулган, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, хэлэлцэх үүрэгтэй Ажлын багийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан. Ажлын багийн бүрэлдэхүүнд бүх Байнгын хорооны дарга нар багтжээ. Ажлын баг болон бусад дэд багуудад УИХ-ын хаврын чуулганаар төслийг хэлэлцүүлэн батлуулах ажлыг зуурхай зохион байгуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгов. Ингэхдээ, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс, Засгийн газрын ажлын багийн гишүүд, эрдэмтэн судлаачдыг оролцуулахыг зөвлөлөө. 

Холбоотой мэдээ