Орхон аймагт өрнөсөн үйл явдлын тойм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-08 13:47:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комисс хуралдаж олон нийтэд чиглэсэн хэд, хэдэн шийдвэр гаргасан, иргэд, аж ахуйн нэгжээс 30 гаруй сая төгрөгийн хандив цугласан, 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн, Үндэсний сэтгүүл зүй үүссэний 107 жилийн ой тохиосон гээд өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе. 

  • Аймгийн Онцгой комисс хуралдаж хаваржилтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Мөн орон нутгийн зам нээсэнтэй холбоотойгоор Эрдэнэтээс Хөшөөтийн даваа хүртэл замын цагдаагийн 62 албан хаагч хяналт тавин ажиллалаа.
  • Аймгийн Онцгой комисст “Төгөл” групп 10 сая, “Ачит Ихт” ХХК 10 сая, Орхон аймаг дахь Эмэгтэйчүүдийн холбоо 4000, Улаан загалмайн хороо 2700 ширхэг амны хаалт, “Анхдагч илгээлтийн эзэд”-ийн холбоо 1 сая, иргэн Б.Энхжаргал 500 мянга,8 дугаар сургийн хамт олон 800 мянга, “Эрдэнэт мах маркет” ХХК- гурван сая төгрөгийн хандив өргөлөө.
  • Жаргалант сумаас баруун урагшаа зургаан км газарт энэ сарын гурваны 15 цаг 16 минут 55 секундэд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн чичиргээ хотын төвд мэдрэгдэж иргэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тэсэлгээтэй андуурч багагүй сандарчээ. Аймгийн ОБГ орон сууцны хорооллуудад шалгалт хийлээ.
  • Эрчим хүчний яам болон  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөл  аймгийн Засаг даргатай  уулзаж  “Эрдэнэт” ДЦС-ын өргөтгөлийн ажлын талаар санал солилцлоо.  “Эрдэнэт” ДЦС-ын хүчин чадлыг 35 мВт-р өргөтгөх төсөл өнгөрсөн оны гуравдугаар сард эхэлж төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan industrial Equipment”  компани ажиллаж байна.  Төслийн  хүрээнд 110 кВт-ын агаарын шугам тавихтай холбоотойгоор  иргэн В.Ганбаатарын эзэмшлийн газрыг чөлөөлөх шийдвэр гарав.
  • Аймгийн ЗДТГ-аас эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд мэдлэг ур, чадвараа  нэмэгдүүлэх сургалтад хамрагдах болон орон байрны нөхцөлөө сайжруулахад нь зориулж санхүүгийн дэмжлэг олгодог. Үүнийг “Нийгмийн дэмжлэг сан”-аас тодорхой шалгуур нөхцөлийн хүрээнд олгодог юм. Энэ удаа 27 эмч, сувилагчид 14 сая төгрөгийн дэмжлэг олгож “Батламж” гардууллаа.
  • Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 107 жилийн ой тохиож МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар “Сэтгүүлчид үүргээ биелүүлж байна уу?” сэдэвт хэлэлцүүлгийг орон нутгийн сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Орхон аймагт 7 телевиз, 3 радио, 3 сонин, 10 гаруй сайт тогтмол ажиллаж байна.
  • Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Орхон аймаг 101 мянган хүн амтай. Үүний 50.4 хувь нь эмэгтэйчүүд юм.

 

 

 

 

Холбоотой мэдээ