Уулархаг газар аврах ажиллагаа явуулах дадлага хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:25:56

Сэлэнгэ аймгийн ОБГ-аас энэ сарын 21-22-ны өдрүүдэд Сүхбаатар сумын “Хонгорморьт”-ын 1-р багт байрлах “Сайхны хөтөл”-д "Уулархаг газар оронд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах дадлага сургууль" зохион байгууллаа.

Уг дадлага сургуулилт нь ханан хавцалд унасан нэрвэгчдийг аврах ажиллагаа явуулах, аврагч, жолооч-холбоочдыг Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, эмнэлгийн зааварлагч, аврагчдыг уулархаг газар оронд холбоо зохион байгуулах, дадлага эзэмшүүлж мэргэшил, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор хийгддэг байна.

Энэ удаа “Сайхны хөтөл”-д аялал зугаалгаар яваа иргэдийн аюулгүй байдлыг хангах, осолдсон үед аврах ажиллагааг түргэн шуурхай явуулах, ханан хадан завсар унаж хавчуулагдсан иргэдийг аврах олс, тулгуурт татлага ашиглан гаргах, эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, ууланд төөрсөн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, аврах багаж хэрэгсэлийг бүрэн дүүрэн ашиглах, эзэмших үйл ажиллагаа явуулж, онолын мэдлэгийг нь бататгажээ.

Энэхүү дадлага, сургалтанд Эрэн хайх, аврах ангийн бие бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 19-р ангийн албан хаагчид хамрагдсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ