Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-10 12:14:38

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ коронавирусний халдварын анхны тохиолдол Франц иргэнээр зөөвөрлөгдөн ирж, бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөө 08.45 цагт хуралдаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны 07.00 цагаас 03 дугаар сарын 16-ны 07.00 цаг хүртэл аймаг, сум, багаас гарах, орох, хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Энэ хугацаанд яаралтай түргэн тусламжийн болон түлшний, хүнсний машинуудыг ариутгал халдваргүйтгэлийг чанарын өндөр түвшинд хийж явуулах юм байна. Хурлын үеэр онцгой комиссын бүх гишүүд, ард иргэд бүгдээрээ хариуцлагатай, өндөр соргог сэрэмжтэй байх, халдвар хамгааллын дүрмийг чандлан сахих, амны хаалтыг байнга зүүх зэрэг чиглэлүүдийг өглөө.

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс нийт 23.8 сая төгрөгийн мөнгөн хандив, 2500 ширхэг амны хаалт, мөн багаж хэрэгсэл, хоол хүнсний зүйл, халдваргүйтгэлийн бодис зэрэг цуглажээ. Энэ хандивыг УОК-оос гаргах хандивыг зарцуулах журмын дагуу аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зарцуулах ажээ.   

Холбоотой мэдээ