Авто замын гарах чиглэлүүдийг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-10 15:49:35

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж замын хөдөлгөөний гарах чиглэлийг хаалаа. 

Монгол Улсад "Ковид-19" халдвар гарсантай холбоотойгоор хот, аймаг сумд руу гарах чиглэлийг өнөөдрөөс энэ сарын 16-ны өдөр хүртэл хаалаа. Мөн ирэх сарын нэгэн хүртэл архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх, түүгээр үйлчлэхгүй байхаар болсон байна.

Тус аймгийн хувьд "Ковид-19" халдвар илэрсэн аймагтай хил залгаа, Өмнөговийн иргэд тухайн аймагт олноороо зорчсон байж магадгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс Дорноговь аймгаас ирсэн иргэдийг сайн дураараа аймгийн Онцгой комисстой холбогдохыг уриаллаа. Үүнээс гадна халдвартай иргэнтэй хамт онгоцоор ирсэн гэх гадаадын хоёр иргэнийг Ханбогд суманд байрлах Оюутолгойн уурхайд тусгаарласан байна. Мөн Оюутолгой ХХК-ийн баяжмалын тээвэрлэлтийг зогсоох, энэ сарын 15-аас эхлэх байсан нүүрс тээвэрлэлийг хойшлуулах саналыг Улсын онцгой комисст хүргүүллээ. Холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

"Ковид-19" халдвар гарсантай холбоотойгоор худал мэдээлэл тараахгүй байхыг иргэдэд сануулсан байна.

Холбоотой мэдээ