Аймгийн төв орох есөн чиглэлд хяналтын пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-10 16:30:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн тул Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл болон аймаг, сумын төв орох, гарах хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 07:00 цагаас хязгаарласан.

Хот, сум хоорондын зорчигч тээврийн болон хувийн тээврийн хөдөлгөөнийг хориглосон шийдвэр энэ сарын 16-ны өдрийн өглөөний 07:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос Өлгий хот орох есөн чиглэлд хяналтын пост гаргаж, цагдаа, мэргэжлийн хяналт, авто тээвэр зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид хөл хорионы дэглэм сахиулж байна. Мөн сумд ч өөрсдийн түвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг зогсоожээ.

Иймд ард иргэдийг аль болох гэртээ байж, хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байх, хувийн ариун цэврээ сайтар сахих, хяналтын постод ажиллаж байгаа алба хаагчдад хүндрэл учруулахгүйгээр тавьсан хууль ёсны шаардлагыг нь биелүүлэхийг  аймгийн Онцгой комиссоос уриалж байна. 

Холбоотой мэдээ