“Facebook”-ийн улирлын ашиг бараг хоёр дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-28 11:20:24

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “Facebook” компанийн энэ оны эхний улирлын цэвэр ашиг  өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин нэмэгдэж 1.51 тэрбум долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны эхний улиралд тус компани 512 сая долларын цэвэр ашигтай ажиллаж байжээ.  

Мөн хугацаанд олсон орлогын хэмжээ 3.54 тэрбум доллароос 5.38 тэрбум долларт хүрч нэмэгдсэнийг дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэдэг нийгмийн уг сүлжээний лхагва гарагт нийтэлсэн улирлын тайлан мэдээ харуулсан байна.

Тайлан мэдээнээс үзвэл, “Facebook”-ийн нэг хувьцаанаас олсон ашиг 42 центээс 77 цент болж өсчээ. Энэ үзүүлэлт “Thomson Reuters” компанийн хийсэн таамаглалаас давсан байна.  Тус компани ашгийн хэмжээг 62 цент болж нэмэгдэнэ гэж урьдчилан таамаглаж байжээ.

“Facebook” сүлжээг хэрэглэгчдийн тоо тогтвортой өсч байгаа юм. Жилийн өмнө 1.59 тэрбум хүн уг сүлжээнд нээсэн хуудсандаа дор хаяж нэг удаа ордог байсан бол одоо тэдний тоо 1.65 тэрбум орчимд хүрлээ. Шинжээчдийн тооцоолсноор, сүүлийн хоёр жилд “Facebook”-ийг шинээр хэрэглэж эхэлсэн хүмүүсийн ихэнх нь Ази, Африк, Өмнөд Америкийн орнуудын иргэд юм. 

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны явцад “Facebook”-ийн хувьцааны үнэ 9.1 хувиар өсч 118.77 долларт хүрсэн байна. Нэг жилийн хугацаанд уг үзүүлэлт 33 хувиар өсчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ