Англи иргэнээс авсан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-12 16:36:18

Увс /МОНЦАМЭ/. Англи иргэнээс авсан шинжилгээний сорьцыг өнөөдөр 15.00 цагт ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна. Аймгийн Онцгой комиссоос тусгай ажлын хэсэг гарч, энэ сарын 10-ны өдөр Бөхмөрөн сум руу явсан бөгөөд тэд коронавирусний халдвараар өвчилсөн Франц улсын иргэний 1-р хавьтагч болох Английн иргэнээс энэ сарын 11-ний өглөө шинжилгээ авсан юм.

Уг шинжилгээг түүнтэй хамт явсан орчуулагч, жолооч гэх мэт бусад хүмүүсээс ч гэсэн авсан байна. Тусгай ажлын хэсгийн гишүүд энэ сарын 10-ны шөнө Бөхмөрөн сумын Ямаат ууланд очиж, тусгаарлагдсан англи иргэнээс болон бусад хүмүүсээс шинжилгээ аваад шөнөдөө буцаж ирж Улаанбаатар руу өөр машинд сорьцоо өгч явуулах байсан ч замдаа цасанд сууж, машинуудаа ээлжилж татсаар байж цаг алдан, өглөө үүрээр Ямаатад очсон байна.

Ямартай ч тэд шинжилгээгээ горимын дагуу авч, улмаар энэ сарын 11-ний 17 цаг 45 минутад Улаанбаатар хот руу илгээгээд байсан юм. Сорьц тээвэрлэсэн автомашин Улаанбаатар хотод саадгүй хүрсэн байна.  

Англи иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.

Холбоотой мэдээ