Д.Цэвээнравдан:Таримал ногоон байгууламжаар Ховд аймаг улсдаа тэргүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 12:13:28

Таримал   ногоон байгууламжийн хэмжээгээр  Ховд аймаг

                       улсын хэмжээнд  нэгд ордог

Ховд аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлээд ажиллаж байна.Энэ хүрээнд хийж байгаа, хийхээр төвөвлөж  буй цаашдын ажлын талаар Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан ийнхүү ярилаа.

-Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд ямар ажил хийгдэж байна вэ?

-Дэлхий даяар  бий болж байгаа ногоон хөгжлийн  чиг хандлагатай эхнээс нь бид  хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Ийм учраас бид аймгийнхаа эрхэм зорилго дотор ногоон хөгжлийн  загвар аймаг болох томоохон зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

Ногоон хөгжил гэдэг нь зөвхөн нүдэнд харагдах  мод зүлэг тарьсан энгийн  асуудлаар хязгаарлагдахгүй. Хамгийн гол нь засаглал нь ухаалаг хүнд сурталгүй, иргэд нь өөрөөсөө цаг хугацаа гаргахаагүй  үйлчилгээ авах, төр засаг ард иргэдийн бүх хэрэглээ арвич хямгач, хүмүүс нь эрүүл,боловсролын салбарын бодлого  хүртэл  байгаль орчинтойгоо зохицсон  ил тод хариуцлагатай  байж ногоон хөгжлийн гол тулгуур, үр дүнтэй алхам бий болно.

-Ховдчууд  бүх нийтээрээ мод тарих ажлыг эртнээс эхлүүлсэн сайхан уламжлал одоо ч хадгалагдаж байна. Харин тарих модны нэр төрлийг олшруулах уу?  

-Манай аймаг  Ховд хотын дарга асан Ж.Бямбаа даргаас улбаатай  олон хүмүүсийн хөдөлмөр зүтгэлээр таримал ойтой хот болж чадсан. Үүнийг бид  улам нэмэгдүүлж ургуулах ёстой.

Өнөөдөр нэг хүнд ногдох  таримал хүний гараар бүтсэн  ногоон байгууламжийн хэмжээгээрээ  Ховд аймаг улсын хэмжээнд  нэгд орж байна. Дэлхийн хотуудын  ногоон хөгжлийн статусаар хөгжиж байгаа хотуудын түвшинд бид  очмоор байна. Ингэхийн тулд Ховд хот дотор байгаа  машины зогсоол явган хүний зам,  хатуу хучилттай талбай, чөлөөт цагаа өнгөрөөх, алжаал амралтын талбай, зүлэг, цэцэг, мод тарих талбайнуудыг ангилж  ногоон байгууламжууд  хийнэ.

Ойрын үед хотынхоо төвд Ховд телевизээс Онцгой байдлын газар хүртэлх орчинд   модны хаан гэж нэрлэдэг сайхан  үнэртэй агч мод тарьж, агч  модны гудамж бий  болгох ажлыг  ойн ангийн хамт олон хийхээр төлөвлөж байна.

Улсын сайн малчин, төр нийгмийн зүтгэлтэн  Б.Зана гуайн нэрэмжит гудамжийг удам модны гудамж болгоно. Ирэх жил сакура, интоор, буйлс тарихаар  хэмжээний ногоон байгууламжийг   ирэх жилүүдэд өргөтгөхөөр төлөвлөөд байна. 

-Хүн амьдрах таатай орчин бүрдүүлэхэд нэн түрүүнд  юуг анхаарах ёстой вэ?

-Аливаа хөгжлийн хамгийн чухал үзүүлэлт хүний хөгжлөөр илэрхийлэгддэг.Том байшин барилгаас илүү  хүний ая тухтай, бухимдалгүй тайван орчин юу юунаас чухал.

Яагаад заавал   хүний  амьдрах таатай  орчин бүрдүүлэх гээд байгаа юм  гэхээр  хөгжлийн хамгийн чухал хэмжүүр нь хүний дээд хэрэгцээ гол үндэс хүний нас уртасгах, эрүүл байх, орчноосоо  тайтгарал урам зориг авдаг байх хэрэгтэй

Бид  дууны хөшөөг нь сүндэрлүүлсэн тунгалаг урсгал Буянт голоо хамгаалж, түүнийгээ түшиглэж их, бага  Буянт голын хооронд  цэцэрлэгт эко хүрээлэн байгуулахаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд  тусгаж хэрэгжүүлэхээр ажил нь эхлээд байна.

Ажлаасаа  тараад ядраад гараад ирсэн хүн орчноосоо урам зориг авдаг, ажилдаа өглөө гараад явах  замдаа  эрч хүч  авдаг тийм орчин бүрдүүлэхийг бид зорьж байна.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ