Политехник коллежид 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-13 13:39:39

Хэнтий /МОНЦАМЭ/  Хэнтий аймаг дахь Политехник коллежид 50, 100 морины хүчтэй трактор, төмс, хүнсний ногооны үрлэгч, хураагч, усалгааны болон хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. 

Тус сургуульд 2020 онд дадлагын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, дадлагын байшин, өвлийн хүлэмж зэрэг 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж. Үүний эхний ээлжийн техник, тоног төхөөрөмжийг “Интер сайнс” ХХК-иас ийнхүү нийлүүлжээ.

ХНХ-ын сайд Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг хангах, Политехник коллежийг ХАА, Ойжуулалт, Аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын /МБСБ/ сургалтын орчинг сайжруулах, дадлагын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, үндэсний хэмжээний чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, багш, удирдах ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэхээр төлөвлөжээ.

Уг төсөл нь урьд өмнөх төслүүдээс ХАА-н салбарын мэргэжлүүдийг онцгойлон сонгож, хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлог юм байна. Энэхүү төсөлд Хэнтий аймаг дахь Политехник коллеж 2016 онд хамрагдах хүсэлтээ өгчээ. Улмаар сургуулийн өөрийн үнэлгээний тайланг явуулах, чанар сайжруулах төлөвлөгөө боловсруулж ажиллах, төслийн өөрийн үнэлгээний ажлын хэсгийн удаа дараагийн шалгалт, шалгуурыг хангаснаар ХНХЯ-ны МБСБХЗГ, арга зүйн төв, төслийн баг, аймгийн Засаг дарга, сургуулийн хамт олны хичээл зүтгэлээр төсөлд хамрагдах 15 сургуулийн нэгд шалгарсан байна. 

Ингэснээр хүлэмжийн аж ахуйн фермер, ойжуулалт мэргэжлийн хүрээнд мод үржүүлгийн талбай байгуулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж /хадлан/-ийн төсөлд ийнхүү хамрагдсан аж. 

 

Холбоотой мэдээ