ДЭМБ: Сармис хэрэглэх нь коронавирусээс хамгаалахад тус болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-16 15:56:24

МОСКВА. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусээр үүсгэгдсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхтэй холбоотойгоор олны дунд үүсээд буй хамгийн түгээмэл буруу ойлголтуудыг нэрлэж, няцаажээ.


Тухайлбал, хүйтэн цаг агаартай байх нь вирусийг устгаж чадна гэх ойлголтыг үгүйсгэсэн байна. Учир нь хүрээлэн буй орчны температур, цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран эрүүл хүний биеийн температур 36.5-37 хэмийн хооронд хэлбэлзэж байдагт оршино хэмээн ДЭМБ-ын материалд дурджээ.


Түүнчлэн халуун усанд орох нь халдвараас сэргийлэх баталгаа биш гэдгийг мэдэгдэж, хэтэрхий халуун усанд орсноор биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулжээ.  


Үүнээс гадна сармис нь нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг хэдий ч вирустэй тэмцэхэд гойд ашиг тустай байгаагүй тухай ДЭМБ-ын мэдээлэлд дурдсан байна. Учир нь коронавирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлтийн үед вируснээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон сармис хэрэглэснээр баттай үр дүнгээ өгч чадсан гэх тохиолдол гараагүй байна. 

Холбоотой мэдээ