Ой хээрийн түймэр хил даван орж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-03-19 01:01:08

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр 11.35 цагт Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 60 км-т ОХУ-аас ой хээрийн түймэр хил давж орж иржээ.

Түймрийг унтраахаар Баян-Уул суман дах Гал унтраах анги, тус сумын иргэд, Хэнтий аймгийн Дадал суман дах хилийн отрядын алба хаагчдаас бүрдсэн 80 гаруй иргэн, 11 автомашинтай ажиллаж, 17.30 цагт бүрэн унтраасан байна. Мөн ОХУ-ын Ойн харуулын албаныхан хилийн цаад талаас түймрийг цохиж унтраасан гэв.

Хаврын хуурайшилтын улирал эхэлж буй тул иргэд, малчид, жолооч, зорчигчдыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгой анхааруулж байна. Өнөөдрөөс долоо хоногийн өмнө Баяндун сумын нутагт ОХУ-аас хээрийн түймэр орж ирснийг цаг алдалгүй унтраасан юм. 

Холбоотой мэдээ