Нийт сурагчдын 60 гаруй хувь нь цахим хичээлийг үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-19 14:45:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт 31 ерөнхий боловсролын сургуульд 22629 хүүхэд суралцаж байна. Нийт сурагчдын 60 гаруй хувь нь цахим хичээлийг үзэж байгаа гэсэн судалгааг аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас гаргажээ.

Харин отроор яваа малчдын хүүхдүүд болон тэмдэглүүлсэн утасны дугаар нь холбогдох боломжгүй хүүхдүүдийн судалгааг гаргаж чадаагүй аж. “Энэ онцгой цаг үед эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага өндөр баймаар байна. Хүүхдүүд чинь дараа жил анги дэвшиж суралцана. Энэ жил цахим хичээлдээ суугаагүйн улмаас хичээлийн хоцрогдолд орох, хичээлдээ дургүй болох хандлага илрэх вий” хэмээн аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн хэлж байв. Зарим сургууль сурагчдынхаа дунд цахим сорилыг явуулахад 60 минутын турш хийх хичээлийг 15 минутад багтаан хийгээд бүгдийг алдах тохиолдох олон байгааг тэрээр хэлэв.

БСУГ-аас сургуулиудад өдөр тутам үүрэг өгч, энэ дагуу багш нар сурагчдынхаа сургалтын байдалд хяналт тавьж байгаа ба шаардлагатай тохиолдолд өөрийн аюулгүй байдлаа хангаад сурагчдынхаа гэрээр очиж ажиллаж байна.

Ташрамд дурдахад https://econtent.edu.mn/  вэб сайтад хичээлийг байршуулж байгаа бөгөөд үнэ төлбөргүй нэвтэрч болох аж.

Холбоотой мэдээ