"Санитас-54" хөтөлбөрөөр хүүхдийг ослоос хамгаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-28 17:49:43

Зам тээврийн осол хэмээх " Чимээгүй дайн"-ы хөлд хүүхдүүд ихээхэн өртөж байна. Нийслэлийн Боловсролын Газар, Замын Цагдаагийн газар, “Монос Косметик” компанитай хамтран хүүхдийн зам тээврийн ослын эсрэг “Санитас-54” хөтөлбөрийг 2016 оноос 2017 оны хичээлийн жил дуустал хэрэгжүүлэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар  эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг тусгасан. Хэрэв тус хуулийн заалтыг зөрчвөл эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг заавал тусгай зориулалтын суудалд суулгаж, автомашинд авч явах, бага насныхныг машиндаа авч явахдаа тогтмол хамгаалалтын бүс зүүлгэх үйлдлийг зөрчвөл торгуулна. Манай улсад сүүлийн долоон жилд 300 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдсан байна. Энэ нь Сирийн дайнаас дүрвэж далайд живж амь насаа алдсан хүүхдийн тоотой тэнцжээ. "Санитас" гэдэг нь Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК-ийн 2006 оноос үйлдвэрлэж эхэлсэн гарын шингэн саван, гар ариутгагч гель юм байна.  54 гэдэг нь 2015 онд зам тээврийн ослоор амь насаа алдсан хүүхдийн тоо. 2015 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1112 бүртгэгдэж,  54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна.  Хөтөлбөрийн хүрээнд санитас бүтээгдэхүүний борлуулалт тутмаас 54 төгрөгийг “Санитас-54” хөтөлбөрийн санхүүжилтэнд зарцуулж хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахад зориулах юм.

"Санитас-54" санд нэг жилд 18 сая төгрөг хуримтлагдах  бөгөөд хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар тооцжээ. Дээрх хөтөлбөрөөр  хүүхэд бүхэнд “Гэр-Сургууль-Гэр” маршрутыг дагаж хэвшүүлэх зорилттой.   Мөн эцэг, эх, багш нар хүүхдийг утсаар яриулахгүй, мессэж бичихгүй, чихэвчний хөгжим сонсгохгүй байлгаж сурвал  ослоос аврах боломжтой гэдгийг ЗЦГ-аас анхааруулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ