Д.Баасандорж: Дорнодын зорчигчдоос халуурсан нэг иргэнийг тусгаарлан, бусдыг нь ажиглаж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-03-20 15:35:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баасандоржоос дараах мэдээллийг авлаа.

 

Дэлхий даяар тархсан цар тахалтай тэмцэх, сэргийлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд эрүүл мэндийн хяналт хийх явцад өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр Дорнод-Улаанбаатар чиглэлийн автобусанд явж байсан зорчигчид дунд 39 хэмийн халуунтай иргэн байжээ. Иймд тус иргэнийг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт онош тодруулахаар тусгаарласан. Автобусанд хамт явсан 22 иргэн болон жолооч, тэдэнд үйлчилсэн авто тээвэр, МХГ-ын байцаагч 24 хүнийг тус аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусгаарлан ажиглах байранд хүлээн авч эрүүл мэндийн хяналт тавьж байна.

Хяналтад авсан иргэдээс ямар нэг илэрсэн шинж тэмдэг байхгүй биеийн байдал хэвийн байгаа бол тусгаарласан иргэн шөнө халуунтай, хоолой хөндүүр зовуурьтой хоносон ч одоогоор халуун буурч хоолойн өвчлөл нь намдсан. Уг өвчтөнд хурдавчилсан оношлуураар томуугийн шинж тэмдэг илрээгүй сөрөг үр дүн гарсан. Улмаар онош тодруулах зорилгоор уг өвчтөнөөс сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү илгээн хариу хүлээж байна гэлээ.

Энэ иргэн Дорнод аймгийн Хавиргын боомтод гэрээтээр ажилладаг, гуравдугаар сарын зургааны өдөр Дорнод аймгийн төвд ирж, улмаар Улаанбаатар хот руу зорчиж явжээ.     

 

 

Холбоотой мэдээ