Амны хаалтыг оёж хандивлах үйл ажиллагаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-23 20:41:17

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, хувь хүмүүс болон ТББ, компаниудаас аймгийн Онцгой комисст амны хаалтыг хандивлаж байна.

Тодруулбал "Төгс хурц консалтинг" ХХК, "Үйлсийн их ор"д ХХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Арга билэг фэйсбүүк групптэй хамтран 1000 ширхэг амны хаалтыг Завхан Монлайн салбарт үйлдвэрлэн хандивлажээ.

Дээрх компаниуд хамтран аймгийн Онцгой комисст 900 ширхэг амны хаалтыг хандивлаж, иргэдэд 100 ширхэгийг үнэ төлбөргүй тараан өгчээ. “Бид дор бүрнээ хариуцлагатай байж, бие биедээ дэм болох учиртай энэ цаг үед амны хаалтыг үйлдвэрийнхээ байранд оёж хандивлалаа. Улсын Онцгой комисс болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг биелүүлж иргэн бүр амны хаалтаа байнга зүүж, гараа өдөр бүр ариутгахыг уриалж байна” хэмээн Арга билэг фэсбүүк группээс мэдээлэв.

 

Амны хаалтыг гишүүдийнхээ дэмжлэгээр оёж хандивлаж байна

Завхан аймгийн Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос аймаг сумын Онцгой комисст 500 гаруй амны хаалтыг хандивлажээ.

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ноос “30.000 ширхэг амны хаалт хийх” аяныг зарлаж аймаг бүрийн гишүүдийнхээ дэмжлэг, өөрсдийн хөрөнгөөр амны хаалт хийж байгаа аж. Аяны хүрээнд Завхан аймгийн НАМЭХ-ны 24 сумын идэвхтэн дэмжигч гишүүд стандартын шаардлагад нийцсэн амны хаалтыг оёж хандивлах үйл ажиллагаа үргэлжилж байна.


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалт зайлшгүй шаардлагатай юм. Орон нутагт амны хаалтны нөөц бага байгаа энэ үед манай гишүүд идэвх санаачилгатай оролцож амны хаалт үйлдвэрлэж байгаад талархаж байна. Олон нийт, иргэдийг Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аймаг, сумын Онцгой комиссын алба хаагчиддаа баярлалаа. Халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэн бүр мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг даган шийдвэрүүдийг биелүүлж, амны хаалтаа зүүж хэвшихийг уриалж байна хэмээн Завхан аймгийн НАМЭХ-ны тэргүүн Ц.Энхтуяа мэдээлэв. 

Холбоотой мэдээ