ОХУ-ын их, дээд сургуулиудын дийлэнх нь алсын зайн сургалтад шилжжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Их, дээд сургуулиудын 80 гаруй хувь нь алсын зайн сургалтад шилжсэн гэж ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдэгджээ.
“Их, дээд
сургуулиудын 80 гаруй хувь нь алсын зайн сургалтад шилжээд байна. Иймэрхүү
нөхцөлд бидэнд хуримтлуулсан туршлага бий. Өөгүй тэгш гэж хэлэхгүй ч бид энэ тал дээр туршлага сайтай” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гуравдугаар сарын 16-наас эхлэн алсын
зайн сургалтад шилжихийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам өмнө нь их, дээд сургуулиудын удирдлагад үүрэг болгосон байна. Түүнчлэн шинжлэх ухаан,
боловсролын байгууллагуудын удирдлагуудыг халдварт өвчний эсрэг эрүүл ахуйн
арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд онцгой хяналт тавихыг үүрэг болгожээ.
ОХУ-д
коронавирусний халдварын тохиолдлын тоо одоогийн байдлаар 438 болж нэмэгдээд
байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдсэн байна.
“ОХУ-д нөхцөл байдал Европын орнуудын адил
даамжраагүй. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын 71
тохиолдол шинээр бүртгэгдсэн бол халдвар авсан 17 хүн эмчлэгдсэн”
хэмээн тэрбээр ОХУ-ын Шадар сайдтай уулзах үеэрээ мэдэгджээ.
Хүнд нөхцөл байдал
Дэлхий дахинд
коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдал хүнд хэвээр байгааг Мишустин
цохон тэмдэглэжээ. Гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар халдвар авсан хүний
тоо 381 мянгад хүрээд байгаа юм.
“Иргэд өөрийгөө
тусгаарлах зэргээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь эмнэлгийн
ажилтнуудад цаг хожих, халдвар хурдан тархах тохиолдолд бэлтгэл сайтай байх боломжийг олгох юм” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Бүх талын дэмжлэг
Хяналт
шинжилгээний мэдээллийн эмхэтгэл гурван өдөрт нэг удаа шинэчлэгдэх ёстой хэмээн М.Мишустин мэдэгдсэн байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн яам эмч нарын үйл ажиллагааны болон коронавирусээс урьдчилан
сэргийлэхийн тулд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний дүрэм
журам, арга зүйн зөвлөмжүүдийг боловсруулжээ.
Түүнчлэн
эмнэлгийн ажилтнуудад коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх мэдлэгийг шуурхай
олгохын тулд алсын зайнаас боловсрол олгох загваруудыг боловсруулжээ. Үүнээс гадна
эмнэлгийн ажилтнууд өөрсдөө тархалтаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг
ханган ажиллах хэрэгтэй байгааг Мишустин цохон тэмдэглэжээ.
Нэг ч эмнэлгийн
ажилтан халдварын эх үүсвэр болж болохгүй гэж тэрбээр мэдэгдээд эмч
нар бусдад тусалснаараа өөртөө өндөр эрсдэл дагуулж байгаа учир тэднийг
зохих хамгаалалтын багаж, хэрэгслээр хангах шаардлагатай байгааг онцолсон байна.