Зэрлэг амьтдын байршил нутагт өвс тэжээл тавьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-03-26 19:36:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтдын нутаг, байршиж буй газруудад цас их орсноор амьтад идэш тэжээлээр хомсдож байна. Тиймээс Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа Дорнод, Хэнтий аймгийн зарим сумын байгаль хамгаалагч нартай хамтран Онон гол, Ар дархинт, Гунатын адаг, Могойтын горхи, Эрээн даваа, Баянхан, Нэртийн гол  зэрэг газар  3 тн хужир шүү, 300 кг давс, 300 боодол өвс тавьж өглөө.

Дээрх газарууд нь халиун буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуудын үндсэн байршил нутаг бөгөөд цагаан зээр ч олноор нутаглаж байна. Зээрэнд тандалт хийхэд ямар нэг өвчний шинж тэмдэг ажиглагдаагүй байна.


Зэрлэг амьтдын байршил нутгуудад цас их орсны улмаас идэш тэжээлийн хомсдол үүсэж байгаа газруудын судалгаа гаргасан бөгөөд он гарсаар 2 дахь удаагаа биотехникийн ажил зохион байгуулжээ. Биотехникийн ажлыг аль болох хүн, малаас хол, зэрлэг амьтдын шинэ мөр, ялгадас бүхий газрыг сонгон, булаг рашаан, задгай ус, ус цуглах газар, бороо, шар усны үеэрт урсахгүй тэгш гадаргууд хужир шүү тавьж, багцлах болон тараах аргаар гүйцэтгэж байна.

Урьд жилүүдэд биотехник хийсэн газруудад ажиглалт, тандан судалгаа хийхэд зэрлэг амьтад тавьсан хужрыг идэж дуусгасан төдийгүй газрыг ухаж идсэн байдалтай байсан нь энэ ажлын үр дүнтэйг харуулж байгааг байгаль хамгаалагч нар ярьж байна.


Холбоотой мэдээ