48 км авто зам дагуу цэвэрлэгээ хийжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-27 14:48:10

Ховд /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хог хаягдал цэвэрлэгээний ажлыг үе шаттай хийж буй.

Аймгийн ЗДТГ-аас санаачлан бусад төрийн байгууллагатай хамтран нийтийн эзэмшлийн гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг гуравдугаар сарын 26-нд зохион байгууллаа.

Ингэхдээ Ховд аймгийн төв доторх 48 км хатуу хучилттай авто зам дагуу цэвэрлэгээ хийжээ.  

Энэ ажилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг 33 байгууллагын 60 гаруй ажилтан оролцов.

Цаашид аймаг орон нутгийн зүгээс нийтийн эзэмшлийн талбайд хог хаягдлын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үе шаттай тогтмол зохион байгуулах аж.

Иргэд нийтийн эзэмшлийн газруудад хог хаягдал, нус, цэр хаяхгүй байж, хувийн эзэмшлийн хашаа, орон сууцны орчны эрүүл ахуйг сайтар сахихыг мэргэжлийн байгууллагуудаас уриалж байна.  

Холбоотой мэдээ