Д.Сарангэрэл: Энэ удаад ч "COVID-19"-ийг ялна гэдэгт итгэл төгс байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-03-29 16:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдрийг Дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр маргааш тохионо. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл салбарын нийт ажилтан, ажиллагсад, эмч сувилагч нарт мэндчилгээ дэвшүүлэв. 

Тэрээр, мэндчилгээндээ, "Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань хэзээ хэзээнээс илүүтэй цэрэг эрсийн нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. 

Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахархан бахдаж байна.

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбар 5 зорилт бүхий 21 ажлыг хийж хэрэгжүүлэх үүрэг хүлээснээс өнөөдөр манай салбар үйл ажиллагааны хөтөлбөрөө 95 хувь биелүүлсэн амжилттай байна. 

Эх, хүүхдийн эндэгдэл эрс буурлаа. Хүүхдүүдийхээ шүдийг эрүүлжүүлэх, ард иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах, цалин мөнгө нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдээ өндөр хөгжилтэй оронд сургалтад хамруулах зэрэг цогц ажлыг бид хамтдаа хийж хэрэгжүүлсэн. Хэдийгээр манайд коронавирусний тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн ч эрүүл мэндийн салбар төр засаг, түмэн олонтойгоо хамтарч эх орондоо амьдарч буй иргэдийнхээ дунд энэ өвчний вирусний халдвар гаргаагүй хуруу дарам цөөн орны нэг болсон юм. 

Дэлхий нийтийг хамарсан олон олон халдварт өвчнийг мэргэжлийн ур чадвар, зүрх сэтгэл, хамтын хүчээр даван туулсан эрүүл мэндийн салбар энэ удаад ч "COVID-19"-ийг ялна гэдэгт итгэл төгс байна. Эмчилгээний эхний дүн ч гарч ард иргэд маань цаг мөч тутамд энэ тухай сонсож, мэдэрч, баярлаж, талархаж байна. Та бүхнийхээ мэргэжлийн баярын энэ өдөр чинь сэтгэлийн халуун мэнд хүргэж аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе" гэсэн байна.


Тодруулга: Дэлхийн эмч нарын өдрийг анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн  бөгөөд тус улс 1990 оны 3 дугаар  сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж иржээ.


Холбоотой мэдээ