"Сүрьеэгийн" Билэгээ эмч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-30 17:15:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Эл өдрийг тохиолдуулан ажлаараа овоглогдсон нэгэн эрхмийн тухай сурвалжилснаа уншигчдадаа хүргэе.


Улсдаа “Хэнтийн Билэгээ эмч”, аймагтаа “Сүрьеэгийн Билэгээ эмч хэмээн хүндлүүлж, олондоо танигдсан нэгэн бол Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг билээ.

Эрүүлийг хамгаалах салбарт 37 дахь жилдээ ажиллаж, хөдөлмөрлөж яваа түүний хувьд түмнийхээ төлөө хийсэн бүтээсэн зүйл арвинтай. Тэрбээр ажлын гараагаа Хэнтий аймгийн Гурванбаян сумын хүн эмнэлгийн эрхлэгч, их эмчээр эхэлж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн диспансерт их эмч, Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, их эмч, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж ирсэн юм. Алтан гарт эмч хүний хөдөлмөр зүтгэлийн үр дүнг хэмжиж тодорхойлоход бэрх ч өнгөрсөн хугацаанд Билэгээ эмч амбулаториор 178 957 хүн, урьдчилан сэргийлэх үзлэгээр 205 117 хүн үзэж, сүрьеэгийн тасагт 98 750 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, хамт олныхоо бахархлыг төрүүлж, хүн зоныхоо талархлыг хүлээж явна.

Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олгодог дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн тэрбээр Хан Хэнтийн бахархалт хүмүүний нэгэн билээ. Монгол Улсын хэмжээнд 105 дахь Алтан чагнуурын эзэн Билэгээ эмчийн хувьд улсдаа 8 удаа тэргүүлсэн хөдөлмөр бүтээлийнхээ үр дүнд 2008 онд Төрийн дээд Алтан гадас одон, 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнуулжээ.

 Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарт Билэгээ эмчийн оруулж буй хувь нэмэр хэмжээлшгүй. Тиймдээ ч орон нутгийн “Хэнтийн мэдээ” агентлагийн хамгийн нэр хүндтэй контент болох “Оны есөн алдартан тодруулах” ээлжит сунгаагаар шороон нохой жилд эрүүл мэндийн салбараас Билэгээ эмч онцгойрон тодорсон юм.

Ажил мэргэжилдээ эзэн байхын эрхэм нэгэн үлгэр Р.Эрдэнэбилэг эмч өнгөрсөн онд хамт олноороо “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” төслийг амжилттай хэрэгжүүлж улсдаа тэргүүлжээ. Сүрьеэгийн тасаг шинээр суурилуулсан рентген дижитал аппаратын тусламжтайгаар бүх суманд сүрьеэгийн тархалтын тандалт хийсний үр дүнд 2019 оны улсын дунджаас хоёр дахин өндөр, аймгийн хэмжээнд өмнөх оныхоос нэг дахин өвчлөлийг илрүүлсэн байна. Өвчлөл өндөр байгаа нь нөгөө талаас илрүүлэлт үр дүнтэй байсны илрэл. 2020 онд сүрьеэгийн диспансерт хоёр цагийн дотор сүрьеэгийн халдварыг илрүүлдэг молекул биологийн хурдавчилсан шинжилгээний “GeneXpert аппарат ажиллаж эхэлжээ. Мөн улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүрьеэгийн диспансерын шинэ барилгыг барихаар болсон байна. 

Ажил мэргэжлийнхээ тал дээр ахисан түвшинд хүрч, анагаах ухааны салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Монголын олон мянган эмч нарын нэг, Хан Хэнтий нутгаас төрсөн эрдэмт анагаагчдын энэ цагийн томоохон төлөөлөл Р.Эрдэнэбилэг эмч танд Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажил амьдралд нь энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Холбоотой мэдээ