Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг өргөн барилаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-03-30 16:18:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.


Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9 болон 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгасан байна. 


Тухайлбал, 2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судлан “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал” сэдэвт нэгдүгээр бүлгийг боловсруулсан байна. Энэ хүрээнд “Аймаг сум, багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, төсвийг ИТХ нь шийдвэрлэдэг байх”, “жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээг алслагдсан сум, багийн эмэгтэйчүүдэд хүргэх, зайлшгүй тохиолдолд аймгийн төвөөс алслагдсан газарт амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүдийг сумандаа амаржих нөхцөлөөр хангах” зэрэг 13 саналыг тусгажээ.   


19 дэх илтгэлийн хоёрдугаар бүлгийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд боловсруулжээ. Улсын хэмжээнд 160 байгууллагад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, энэ хүрээнд 1,681 төрийн албан хаагчаас авсан судалгааны санал асуулгын нэгтгэсэн дүн, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага болон холбогдох байгууллагаас ирүүлсэн судалгаа, баримт, мэдээлэлд тулгуурлан дээрх бүлгийг боловсруулсан байна. Сэдвийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар Ерөнхий сайдын албан даалгавар гаргаж, аймгуудын Засаг дарга нарт хүргүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох зэрэг 6 саналыг тусгажээ.   


Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэдэг. Улмаар хугацаа нь дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, удаан хугацаанд хадгалагдсан химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, хамгаалах, зайлуулах, устгах асуудал тулгамдаад буй. Иймд химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтад төрөөс анхаарал хандуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын үүднээс Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, холбогдох эрх бүхий байгууллагын судалгаа, баримт, мэдээлэлд үндэслэн “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал” сэдвийн хүрээнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн гуравдугаар бүлгийг боловсруулжээ. Энэ хүрээнд хот суурин газарт сургууль, эмнэлэг, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд олон жил хуримтлагдаж хадгалагдаж байгаа, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байршуулах, хадгалах зориулалтын барилга, байгууламжийг яаралтай бий болгох, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах үйлдвэрийг барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг 4 саналыг тусгасан байна.


Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын мэдээлэл бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад хүрч холбогдох шийдвэр гарч ирсний зэрэгцээ олон нийт ч улс орны хүний эрхийн төлөв байдал олон улсын түвшинд ямар байгаа, улс орнуудын дунд ямар байр эзэлж байгаа талаар ач холбогдол өгөн анхаарч, мэдээлэл хайдаг болжээ. Иймд Комисс улс орнуудыг нийгмийн болон хүний хөгжлийн түвшингээр нь тодорхой шалгуураар үнэлж оноо өгдөг, индексжүүлэн эрэмбэлдэг олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний төвүүдээс гаргасан тайлан мэдээллээс хүний эрхэд холбогдох индексийг түүвэрлэн, зарим эрхийн хүрээнд нэгтгэн 19 дэх илтгэлийн “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” сэдэвт дөрөвдүгээр бүлэгт тусгажээ. 


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11,9 дүгээр зүйлийн 9.1,17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ