АНУ-д болсон буяны тоглолтын үеэр 8 сая орчим ам.доллар цугларчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2020-03-31 14:50:09

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн алдартай уран бүтээлчдийн оролцсон цахим буяны тоглолтын үеэр 8 сая орчим  ам.долларын хандив цуглууллаа гэж уг арга хэмжээг зохион байгуулсан “Fox News” телевиз мэдээлжээ.


Тоглолтыг коронавирустэй тэмцэхэд болон уг вирусний халдвар тархсаны улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. “Бидний зорилго бол хүнд хэцүү цаг үед дэлхий дахинд сайн сайхныг түгээх байсан. Энэхүү арга хэмжээнд оролцсон гайхалтай уран бүтээлчид, “iHeartRadio”-гийн хамтрагчид, манай телевизийн ажилтнууд, үзэгчид, бизнесийн түншүүдийн маань барагдашгүй их дэмжлэгийн ачаар бид зорилгодоо хүрч чадлаа" гэж “Fox Entertainment” компанийн  гүйцэтгэх захирал Чарли Колиер тэмдэглэн хэлжээ.


Ням гарагт зохион байгуулсан уг тоглолтыг 8.7 сая хүн үзсэн бөгөөд Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон хөтөлсөн байна. Нэг цагийн туршид үргэлжилсэн тоглолтод Билли Айлиш, Мэрайя Керри, Алиша Киз, Green Day хамтлагийн гоцлол дуучин Билли Жо Армстронг, “Foo Fighters” хамтлагийн дуучин Дейв Грол, “Backstreet Boys” хамтлаг тэргүүтэй 20 орчим уран бүтээлч гэрийнхээ студиэс эсвэл зүгээр л буйдан дээр сууж байгаад хит дуунуудаа толилуулжээ.


Уран бүтээлчид мөн тархаж буй халдвартай холбоотой сэтгэгдлээ хуваалцаж, үзэгчдээс гэрээсээ гарахгүй байж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг хүссэн байна.


Холбоотой мэдээ