Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-04-02 10:39:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын нутгийн нууранд ургадаг Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг.  

Ринченлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм.

Энэ нуур гадагш, дотогш урсгалгүй бөгөөд дэлхийн дулаарлаас болж усны түвшин багасч байгаа гэнэ. Тус нууранд Бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Энэ цэцэг нуурын эрэг орчмын болон гүехэн хэсэгт ургадаг. Нуурын ёроолоос 0,8-1,1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд нар мандахад дэлбээлж дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гардаг юм байна. Үүнийг харахад нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр нь өнгийн цэцэг тавьсан юм шиг үнэхээр сэтгэл бахдам үзэсгэлэнтэй байдаг. Бөлбөө цэцэг ингэж өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээл гадаад, дотоодын жуулчдын очих сонирхлыг татдаг ажээ.



 

 

Холбоотой мэдээ