Хөхморьт суманд ухаалаг худаг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-02 09:10:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй ундны усны ухаалаг худаг ашиглалтад орлоо.


НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын нийт 116,7 сая төгрөгийн санхүүжилтээр Хөхморьт сумын ард иргэдийг стандарт шаардлагад нийцсэн ундны цэвэр ус болон ахуйн хэрэглээний усаар хангах өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй ухаалаг худаг ашиглалтад орлоо.


2017-2019 оны хооронд тус аймгийн 18 сум, хоёр тосгоны 77 ундны эх үүсвэрээс дээж авч 62 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд Хөхморьт сумын ундны усны худгаас 14-17 төрлийн хүнд металл стандартаас хоёр дахин их гарсан юм.

Дээрх худаг ашиглалтад орсноор Хөхморьт сумын тавдугаар багийн 117 өрхөөс гадна бусад багийн иргэд ч ундны цэвэр ус болон ахуйн хэрэглээний усаар тогтмол хангагдаж иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байсан сөрөг үзүүлэлтүүд буурах нөхцөл бүрдэх юм.


Говь-Алтай аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас хүн амыг стандартын шаардлагад нийцсэн усаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ