Баянхонгорын брэнд - Ингэний сүүн бүтээгдэхүүн

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-04-11 12:30:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголчууд ингэний сүүг боловсруулж өрх гэрийнхээ өдөр тутмын хүнсний хэрэглээнд хэрэглэж ирсэн боловч зах зээлд борлуулах, худалдааны бүтээгдэхүүн маягаар бэлтгэн борлуулж заншаагүй. Тэгвэл зах зээл өргөжин хөгжиж буй өнөө үед эрэлт хэрэгцээ мэдэгдэхүйц өсч байгааг олж харсан нэгэн гэр бүл ингэний сүүн бүтээгдэхүүнийг орон нутгийн брэнд болгохоор ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын тавдугаар багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Их халбагант” ХХК бизнесийн гараагаа 2002 онд жижиглэн худалдаа эрхэлснээр эхэлж, улмаар 2007 оноос талх нарийн боов, 2009 оноос ингэний сүүний үйлдвэрлэл эрхлэх болжээ.

Одоо тус компани 440 мкв үйлдвэрийн байртай бөгөөд талх, нарийн боов, тараг сүү, ааруул, хоормог, зайрмаг, бяслаг зэрэг олон нэр төрлийн органик, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүнийнхээ 70 орчим хувийг ЕБС болон цэцэрлэг, цэргийн анги зэрэг байгууллагад болон сум орон нутагтаа нийлүүлдэг бол зэргэлдээ сумд болон Баянхонгор аймгийн төв, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнийхээ 30 хувийг нийлүүлдэг аж. Мөн ингэний хоормог бага хэмжээгээр БНХАУ руу, аарц бага хэмжээгээр АНУ, БНСУ руу захиалгаар гаргадаг юм байна.

Тус компанийнхан 2010 оноос хойш ингэний сүүгээр хоормог, ааруул, аарц, молоко, тараг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Дээрх бүтээгдэхүүнээ бэлгийн багц болгон худалдаанд гаргасан нь орон нутагт шинэлэг ажил үйлчилгээ болсон төдийгүй Баянхонгорын брэнд болоод амжсан юм.

Багцад ингэний хоормог, ааруул, молоко, дарс, шимийн архи, сабали, маяландарли жигнэмэг ордог. Хоёр төрлийн жигнэмэг нь швейцар технологиор, ингэний сүүгээр зуурч хийдгээрээ онцлог. 2017 онд Швейцар улсын зөвлөх багш Карлус, Герру нараас зөвлөх үйлчилгээ авч бяслаг, дарс, жигнэмэг зэргийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэд таниулж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг болсон байна. Багцын бүтээгдэхүүнээ орон нутагтаа нийлүүлэхээс гадна Улаанбаатар хот руу захиалгаар нийлүүлдэг аж.

 

Ингэний сүүгээр йогурт хийсэн нь “Үндэсний шилдэг бүтээгдэхүүн” болжээ

Хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон ингэний сүүн бүтээгдэхүүн нь 2003-2007 оны аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр, 2019 онд ХАА-н салбарын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан байна. “Халбагант” нэртэй ингэний хуурайшуулсан сүү нь 2006 онд Ашигтай загварын гэрчилгээ авч оюуны өмчийн газарт бүртгэгджээ.

Мөн тус компанийнхан ингэний сүүгээр Монголд анх удаа йогурт тараг хийж туршсан нь амжилттай болж, энэ бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнд гаргахад шаардагдах шинжилгээ дүгнэлтүүдийг гаргуулж 2007 онд Монгол Улсын Засгийн газрын “Үндэсний шилдэг бүтээгдэхүүн” цом өргөмжлөлөөр шагнуулсан байна.

Түүнээс гадна ингэний хоормог нь аймагтаа анх удаа тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүний болзол хангасан бөгөөд тус үйлдвэр нь чанарын менежментийн тогтолцоо iSO 9001 2015 стандартыг хангаж чадсан нь цэвэр бүтээгдэхүүнийг стандартын орчин нөхцөлд үйлдвэрлэн гаргах баталгааг нотолж буй.

“Их халбаганат”-ынхан сүү, сүүн бүтээгдэхүүнд анхан шатны болон бүрэн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээг хангах замаар импортыг багасган, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран, орон нутаг дахь үйлдвэрлэлийг дэмжин дотоодын хэрэгцээг үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах асуудлыг чухалчилдаг. Ийнхүү ингэний сүүг боловсруулах замаар тэмээн сүргийн ашиг шимийг хүртсэнээр малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэн, малчдын дунд тэмээгээ өсгөх сонирхол ч их болжээ.

 

Ингэний сүүг ардын уламжлалт эмчилгээнд ашигладаг

Аливаа үйлдвэрлэлийг явуулахад түүхий эдийн ойр дөт байдал нь чухал. Ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд Баянлиг сумын тэмээн сүргийн тоо толгой, газар нутгийн онцлог нэн тохиромжтой. 2019 онд Баянхонгор аймаг 57.4 мянган толгой тэмээ тоолуулснаар улсдаа тэмээний тоогоороо хоёрдугаарт орсон бол аймагтаа Баянлиг сум нь тэмээн тоо толгойгоороо тэргүүлдэг.

Баянлиг сум  Улаанбаатараас 740 км, аймгийн төвөөс 220 км зайд оршдог, байнгын цахилгааны эх үүсвэртэй, 24 мянган тэмээ, 18 мянга гаруй ямаа, 20 мянга шахам хонь, 700 гаруй үхэр  сүрэгтэй. Нийт хүн ам 3400 гаруй, өдөрт 16 мянга гаруй литр, жилдээ 1.6 сая гаруй литр сүүг саалийн хугацаанд гаргах нөөцтэй.

Ингэний сүү, цагаан идээ нь говь нутгийн хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй бие махбодид зайлшгүй шаардлагатай кальци, фосфор, аминдэм болон үл орлох уургийн үндсэн эх үүсвэр болдгоороо онцлог. Сүүнд казин хэмээх бодис агуулагддаг. Энэ бодис хүний биед гаднаас орж буй хорт утаа, хорт бодисуудыг өөртөө шингээн хүний бие махбодиос гадагшлуулах үйлчилгээтэй. Иймээс хорт утаа, архины хорны эсрэг одоогийн нөхцөлд ингэний сүү хэрэглэх нь хамгийн үр дүнтэй арга болохыг мэргэжилтнүүд хэлж буй юм.

Мөн элэг, цөс болон ходоодны архаг эмгэгийн vед эмчилгээний чухал ач холбогдолтой болохыг судалгааны үр дүнгүүд нотолж байна.

Ингэний сүүн цагаан идээ хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсохгүй, ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэгдэж иржээ. Ингэний сүү нь хадгалагдах чадвар сайтай, муудаж исдэггүй, халуун дулаанд тээвэр даах чадвартай байдгаас гадна бусад малын сүүнээс илүү өтгөн, илчлэг чанар өндөртэй, эхийн сүүг орлохуйц тэжээлтэй байдаг байна.

 

“Таны өглөөний зоог” удахгүй таны гарт

Ингэний сүүн бүтээгдэхүүнийг хаван хавдар хөөх, ядаргаа хордлого тайлах, чийг бам арилгах, дархлаа сайжруулах, чихрийн шижин өвчин зэрэг өвчинд төв суурин газрын хэрэглэгчид, хөхүүл болон жирэмсэн эхчүүд, өндөр настан, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд ихээр хэрэглэж байна.

Тэгвэл “Их халбаганат” ХХК цаашид үйлдвэртээ бутлах, хатаах, бүрэх, үрэл хийх төхөөрөмжүүдийг авч сумынхаа хөрсөнд тарьж ургуулсан Ламын гэгээний хөх арвайн гурилыг богийн шар тостой багсарч “үрэл” болгон, ингэний аарцыг хуурайшуулан хатааж нунтаглан гадуур нь бүрж “үрлэн ааруул” хийхээр төлөвлөжээ. Мөн арвайн гурил, богийн шар тос, зөгийн бал зэргийг тусгайлан савлаж “Таны өглөөний зоог”-ийг бэлтгэх гэнэ. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн оюун ухааныг сайжруулж кальцийн дутагдлыг нөхөх үйлчилгээ үзүүлж чадахаараа давуу талтай, эрүүл чанартай хүнс болох аж.

Холбоотой мэдээ