Нью-Йоркт халдварын шинэ тохиолдлын тоо анх удаа буурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-06 11:05:58

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д тархсан коронавирусний халдварын голомт болох Нью-Йорк муж улсад шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол, нас баралтын тоо анх удаа буурчээ.


Гэсэн хэдий ч Нью-Йорк муж улсын захирагч Эндрью Куомо ням гарагт, уг тоон үзүүлэлтийн ач холбогдлыг тодорхойлоход хэтэрхий эрт байна гэж мэдэгдсэн байна.


АНУ даяар халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилтнууд хүнд үе эхлэх хараахан болоогүй хэмээн үзэж байгаа юм.


“Америкчуудын амь насны хувьд хамгийн хүнд, хамгийн гунигтай долоо хоног энэ байх болно. Энэ бол бидний хувьд “Сувдан эрэг” болон “9/11” юм” гэж АНУ-ын Олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний асуудал хариуцсан корпусын үйл ажиллагаа эрхэлсэн тэргүүн Жером Адамс ням гарагт “Fox News” сувагт мэдээлжээ.


АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 331151-д хүрч, 3420 хүн нас барсан байна.


Нью-Йоркт нөхцөл байдал ямар байна вэ?

Э.Куомогийн ням гарагт мэдэгдсэнээр, халдвар хамгийн их тархсан Нью-Йорк муж улсад нас барсан хүний тоо 4159 хүрч, халдварын 122 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Гэсэн хэдий ч эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн 75 хувь нь эмнэлгээс гарсан гэж тэрбээр мэдээлжээ.


Мөн эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн тоо долоо хоногт анх удаа буурч, нас барсан хүний тоо ч мөн буурсан дүн үзүүлжээ. Нью-Йоркт сүүлийн 24 цагийн хугацаанд 630 нас баралт бүртгэгдсэн байна.


"Нью-Йоркт халдварын хамгийн өндөр түвшин буюу оргил үе эхэлсэн хэмээн үзэхэд хэтэрхий эрт байна. Түүнчлэн оргил үе өнгөрсний дараа халдварын тохиолдол хурдацтай буурах юм уу аажмаар буурна хэмээн үзэхэд ч мөн эрт байна" гэж Э.Куомо хэлжээ.


АНУ даяар нөхцөл байдал ямар байна вэ?

Хэдийгээр америкчуудын 90 орчим хувийг гэртээ байх шаардлагатай хөл хорионд оруулсан боловч Вашингтон, Детройт, Нью-Орлеанс зэрэг хотод халдварын түвшин болон нас барсан хүний тоо нэмэгдсэн хэвээр байна.


Муж улсуудын захирагчид хиймэл амьсгалын аппарат, амны хаалт зэрэг эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хомсдол үүсэх төлөвтэй байгааг анхааруулсаар байгаа юм.


Нью-Йорктой залгаа оршдог Нью-Жерси муж улсад ням гарагт 3000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 37505 болжээ. Тус муж улсад нийт 917 хүн нас баржээ.


Мөн халдвар хамгийн их тархсан муж улсуудын нэг болох Луизианад ням гарагт халдварын тохиолдлын тоо 20 хувиар буюу 3010-аар нэмэгджээ. Мичиган муж улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 16 мянга дөхөж, 617 хүн нас баржээ. Тус муж улсын Детройт хотод 5000 орчим тохиолдол бүртгэгдэж, 158 хүн нас барсан байна.


АНУ-ын халдварт өвчин судлаач, доктор Энтони Фаучи ням гарагт “NBC News” сувагт мэдээлэхдээ, нөхцөл байдлыг “хяналтад авсан” гэж үзэхэд арай эрт байна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хяналтад авсан гэх мэдэгдлийг өмнө нь хэд хэдэн удаа хийсэн юм.


Калифорни, Вашингтонд халдварын түвшин саарсан үзүүлэлт ажиглагдсан хэдий ч олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх гэх мэт холбооны Засгийн газраас гаргасан эрүүл мэндийн удирдамжийг үргэлжлүүлэн дагаж мөрдөн хэрэгтэй гэж Ж.Адамс мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ