С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-06 16:34:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын чуулганаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах томоохон 15 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэ коронавирусний цар тахлын үед эдийн засгийг дэмжих багц арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжийг батлах аж. 


Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, “Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд УИХ, Засгийн газраас цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой хэчнээн ч хууль, тогтоолын төсөл өргөн барьж хэлэлцэхийг тааж мэдэх аргагүй. Ерөнхийдөө хаврын чуулган маш ачаалалтай болно” хэмээв. 


Маргааш 10 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм. Уг хуулийн төслөөр УИХ-ын чуулганы хуралдааныг цахим горимоор хуралдуулах тусгай зохицуулалтыг оруулна гэдгийг тэрбээр мэдээлэлдээ дурдлаа.


Үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинэ коронавируст халдвараас иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байр хадгалах, эдийн засгийн идэвхжүүлэх багц арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Тогтоолын төслийг дагалдаж 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэлэхдээ, “Засгийн газрын долоон багц арга хэмжээ гэж олон нийт ярьж байгаа ч 11 багц арга хэмжээ байгаа юм. ХХОАТ, НДШ, НӨАТ чөлөөлөх зэргээс гадна Эрдэнэс таван толгой компанийн хувьцааны ногдол ашгийг тавдугаар сард багтаан иргэдэд бүрэн олгох асуудал багтаж байна. Мөн компанийн ашиг, алдагдлыг тодорхой хугацаагаар шилжүүлэх, ХХААХҮЯ дээр байгаа тоног төхөөрөмжийг тариалан эрхлэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй худалдах зэрэг 11 багц арга хэмжээг тусгасан нүсэр тогтоомжийг батлахаар төлөвлөсөн байна” хэмээв. 


Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа маргааш 15.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх Засгийн газрын багц арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. 

Холбоотой мэдээ