Японд халдвар авсан хүний тоо 4000-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-07 09:07:30

ТОКИО. /NHK/. Японы Токио хот болон 16 мужид даваа гарагт коронавирусний халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсад халдвар авсан хүний нийт тоо 4000-д хүрчээ.


Уг тоон үзүүлэлтэд Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдвар авсан хөлгийн багийн гишүүд, зорчигчид нийлсэн 712 хүнийг оруулаагүй байна.


Харин Хятадаас тусгай нислэгээр эх орондоо эргэн ирсэн, нисэх буудлын хяналт шалгалтын үеэр халдвар илэрсэн хүмүүс болон “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдвар авсан Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийг оруулжээ.


Японд халдварын улмаас нас барсан хүний тоо өмнөх өдрийнхөөс хоёроор нэмэгдэж, 106 болсон бөгөөд тэдгээрийн 11 нь аяллын хөлөг онгоцны зорчигчид юм. Тухайн өдөр Сайтама, Хоккайдо мужид тус тус нэг хүн нас барсан байна.


Халдварын тохиолдлуудыг мужаар авч үзвэл, Токиод хамгийн олон буюу 1116, Осакад 408, Чибад 278, Канагавад 267, Айчид 228, Хиогод 203, Хоккайдод 194, Сайтамад 185, Фүкүокад 167, Киотод 133 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ