Гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-04-07 17:02:38

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээгээр энэ сард хур тунадас орохгүй, дулаарах төлөвтэй байна. Мөн шар усны үер дэлгэх аюултай байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Энэ сарын эхээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Харин сарын дундуур харьцангуй дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 5-8 градус хүйтэн, өдөртөө 11-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-19 градус дулаан болох аж. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх нь ээ. 

“Увс аймгийн ихэнх гол, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см-ээр нимгэрч, Намир, Чигж, голууд шар усны үертэй байна. Иймд цаг агаар дулаарч урин дулаан цаг ирж байгаатай холбоотой гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, шар усны үерээс сэргийлэхийг ард иргэдэд анхааруулж байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер М.Отгонхүү хэллээ.


Холбоотой мэдээ